Аймгийн арслан Э.Даваажаргал түрүүлж Хурц чимэгтэй арслан боллоо
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтайн аймгийн 98 жилийн ойн баярт хүчит 128 бөх барилдан наадамчин олноо баясгав.
Өнөө жилийн наадамд Аймгийн арслан 8, Аймгийн заан 5, Аймгийн харцага 4, Аймгийн начин 29, Сумын заан 54, Сумын харцага 7, сумын начин 7, залуу 14 бөх уран мэхийг уралдуулан барилдаж хүч бяраа үзсэн юм. Хүчит бөхийн барилдаанд аймаг цэргийн цолтой 128 бөх барилдсанаас Шарга сумын харьяат Аймгийн арслан Эрдэнэцогтын Даваажаргал 7 даван түрүүлж Хурц чимэгтэй арслан болсон бол Халиун сумын харьяат Аймгийн арслан Баарангийн Отгонбаатар үзүүрлэсэн юм. Харин Дэлгэр сумын харьяат Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Халиун сумын заан Мөнхбаатарын Өгөөдэй нар шөвөрч, Сумын заан М.Өгөөдэй Аймгийн начин цол хүртлээ. Энэ жилийн наадамд оролцсон хүчит бөхчүүд анх удаа эр бяраа сорин, шударга барилдах тангараг өргөж, үнэ цэнэтэй цол хүртэх боломж бүрдсэнээрээ онцлогтой болсон юм.