Аймгийн хэмжээнд төрөлт буурчээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 1090 эх амаржин 1095 хүүхэд мэндэлжээ.
Аймгийн хэмжээнд төрөлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 83 тохиолдлоор буурсан бөгөөд нийт төрөлтийн 91.4 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 625 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 23 тохиолдлоор буурсан ба тус эмнэлэгт төрсөн эхийн 62.8 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Энэ оны эхний 10 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 821 жирэмсэн эмэгтэй хамрагдсан ба 93.1 хувь нь эхний 3 сартайд, 6.3 хувь нь 4-6 сартайд, 0.6 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Тус аймагт эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол байхгүй. Эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 1095 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 хүүхдээр буюу 7,4 хувиар өсчээ.
Сонирхуулахад, амьд төрсөн хүүхдийн 577 буюу 52.7 хувь нь хүү, 518 буюу 47.3 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.0 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна.