Цээл сумд гамшгаас хамгаалах “Иж бүрэн” дадлага, сургууль болов
Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороотой хамтран Цээл сумд гамшгаас хамгаалах “Иж бүрэн” дадлага, сургуулийг 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургуулийг гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, ерөнхий зориулалттай мэргэжлийн анги хуулийн этгээдийн харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.
Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “яаралтай цуглар” дохио өгч бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, танхимын сургалтаар үргэлжлэн Гамшгийн үеийн удирдлага, газар хөдлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, анхны тусламж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, коронавирусний халдвар /Ковид-19/ цар тахлын үеийн хариу арга хэмжээ зэрэг сэдвээр танхимын сургалт явуулсан байна.
Коронавирусний халдвар /Ковид-19/ цар тахлын үеийн хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлтгэл бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийх, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа хэмээн Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газраас мэдээлэв.