Тактикийн дадлага, сургууль зохион байгуулав
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийн хүрээнд гал түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгуулав.
Энэ удаагийн дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын дүрэм, стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед иргэд аврах зам гарцаар нэвтрэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвийн хүрээнд явуулсан байна. Дадлага сургуульд тус аймгийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын нийт 202 ажилтан, иргэдэд танхимын сургалт хийжээ. Гал түймэр унтраах тактикийн сургуулийг “Шинэ-Алтай” ХХК-ийн худалдааны төвд зохион байгуулсан бөгөөд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, “Шинэ-Алтай” ХХК, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн нийт 76 ажилтан, алба хаагч хамтран ажилласан байна.
Тус сургуулиар гал унтраах шуурхай штаб, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах аюулгүйн хэсгийг байгуулж, гал түймэр унтраах бодисыг тасралтгүй хангах зорилгоор 220 метрээс галын далд усны цэг /гидрант/-ээс даралтын хоолойг гал унтраах автомашинд холбож, шуурхай ажиллагааг зохион байгууллаа хэмээн тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.