Халиун сум 93.6 га талбайгаас 420.28 тонн ургац хураажээ
Говь-Алтай аймгийн газар тариалангийн бүс нутаг болох Халиун сум энэ онд 93.6 га талбайгаас 420.28 тонн ургац хураажээ.
Тус аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Халиун сумын 53 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үхрийн нүдний суулгац 2500 ширхэг, бэсрэг алим 608 ширхэг, торинуун алим 500 ширхэг, шар чавга 1200 ширхэг, чацаргана 2500 ширхэг, бөөрөлзгөнө 300 ширхэг, улиас 200 ширхэг, бургас 100 ширхэг, хайлаас 900 ширхэг нийт 8808 ширхэг суулгацыг тариалсан байна.
Мөн сумын ОНХС-аас 10 сая төгрөгний үнэтэй өвс преслэгчийг иргэдэд зориулан худалдан авч, сум хөгжүүлэх сангаас 1 иргэнд 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ онд тус сум нь 15 га талбайгаас 130,1 тн төмс, 12,6 га талбайгаас 93,18 тн нарийн ногоо, 27,5 га талбайгаас 97 тн үр тариа, 30,2 га талбайгаас 20 тн жимс, жимсгэнэ, 8,3 га талбайгаас 80 тн тэжээлийн ургамал нийт 93,6 га талбайгаас 420,28 тонн ургац хураасан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.