“Төр, сэтгүүл зүйн харилцааг тодорхой болгоё” гэв
Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаар хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, түүний дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин эрс өөрчлөгдсөн юм. Түүхт 30 жилийн ойд зориулж УИХ-ын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чуулган”-ыг өчигдөр зохион байгуулав.
УИХ-ын гишүүд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл “Ардчилсан сэтгүүл зүйн өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин”, “Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, “Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үндсэн хууль батлалцсан депутатуудын нэг Улсын Бага хурлын болон УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан энэ үеэр “Иргэний нийгэм байхгүй бол ардчилал төгс байх боломжгүй” хэмээн онцлов.
Хэвлэл, мэдээллийн салбарыг бүхэлд нь дүгнэсэн сонирхолтой илтгэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор Б.Галаарид хэлэлцүүлсэн. Тэрбээр “1980-аад оны дунд үеэс Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын нийтлэлийн бодлогод гарч эхэлсэн өөрчлөлтийг “зөөлөн хувьсгал” гэж судлаач Д.Болд-Эрдэнэ тодорхойлсон. 1990 оны ардчилсан хувьсгал иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний нэг гол тавцан болох хэвлэлийн эрх чөлөө хангагдах суурь нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс нааших 30 жилийн түүх бол та бидний ойлгож, ярьж хэвшсэнээр Ардчилсан сэтгүүл зүйн өчигдрийн түүх. Зурвас үеийн ололтыг тоочвол урт жагсаалт гарна. Харин алдаа нь юу байв? Үүнд хоёр үндсэн шалтгаан байжээ.Нэгдүгээрт, сэтгүүл зүйг ардчилах үйл явцыг бид бүтэн зургаар нь харж зорилго, зорилтоо зөв тодорхойлж чадаагүй, суурь өөрчлөлтөө дутуу хийснээс 30 жилийн хичээл зүтгэл маань санасан үр дүнд хүрч чадсангүй. Хоёрдугаарт, бидний сонгож хэрэгжүүлсэн хэвлэлийн эрх чөлөөний онол буюу либератари онол Монголын нөхцөлд идээшин зохицохдоо мутацид орж “монголчлогдсон” байна” гээд үр дагаврын тухайд “Сэтгүүл зүйг бид мэргэжлийн явцуу хүрээнд ойлгож, тэрхүү хязгаарлагдмал хүрээн дотроо ардчилах гэж оролдсон нь алдаа байжээ. Сэтгүүл зүйг бид онолын түвшинд дутуу тодорхойлж, практикт буруу, дутуу хөгжүүлж ирлээ” хэмээгээд илүү сайхан маргаашийг бий болгохын тулд өнөөдөр баримтлах бодлого, хийх ажлын талаар таван санаа хэлсний эхэнд “Төр, сэтгүүл зүйн харилцааг тодорхой болгоё” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (6741)
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад