📅

Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн охины сүйтгэх гэж байгаа Загийн ойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөн тарих ёстой юу?

🕔 2022/02/11 16:57

Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн охины сүйтгэх гэж байгаа Загийн ойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөн тарих ёстой юу?

 

Д.ЖАРГАЛАН

Алтайн өвөр говьд, говийн их дархан цаазат газарт орших “Баян хөндий”-н баялагт алтны эрлэгүүд шунаад удаж байна. Монголын их яруу найрагч Д.Пүрэвдоржийн бүтээлд мөнхөрсөн домогт Сэгс цагаан богд, монголд цөөхөн байх мазаалайн орон, говийн хөрсийг тэжээн тэтгэж байдаг Загийн шугуйг нүцгэлж, их говийн дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээ, Залаа жинстийн цагаан омог цагаан ямаа, хулан, тахь, хавтгай хар сүүлт зэрэг зэрлэг амьтдын идээшин дассан газар нутгийг улаан түйрэн болгохоор улайрч буй компани бол Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компани юм.

Тус компани Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпорацийн охин компани. Канад эзэмшигчтэй энэ компани Монголд үйл ажиллагаа явуулахаар суурьшин Шинэжинст, Баян-Өндөр сумын нутаг дахь “Баян хөндий”-н алтны ордыг гаднын хөрөнгийн бирж дээр барьцаалан хөрөнгө босгохоор ажиллахын зэрэгцээ орон нутгийн байгаль орчин, иргэдийн амьдрах орчныг заналхийлээд эхэлжээ.

“Эрдэнэ Монгол” компани 2005 онд анх Шинэжинст, Баян-Өндөр сумаар гүйдэлтэй болсон байна. Суманд уурхай нээнэ, “Эрдэнэт” шиг том үйлдвэр байгуулж, Эрдэнэт шиг хоттой болно хэмээн нутгийнхний сэтгэлийг 15 жилийн турш хөвсөлзүүлсний эцэст “үлгэр ярьж байсан нь илчлэгдэж” Монголын сүүлийн 30 жилийн бараан түүх, гашуун сургамжийг бүтээсэн энгийн л нэг алтны хайгуулчид, хөрөнгө оруулагч нэртэй, алтыг нь аваад, авдрыг нь хаяад явдаг хүйтэн цэвдэг сэтгэлтэй алтны доншуурчид болох нь батлагдаж эхэллээ.

Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 дугаар зүйлд:

“Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” хэмээн заасан байдаг.

Гэвч “Эрдэнэт” хоттой дүйх бүтээн байгуулалт амлаж явсан алтны эрэлчдийн төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам үнэлээд 2020 оны 2 дугаар сарын 05-нд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хайгуулийн бүсэд уул уурхай явуулах нь байгаль орчин, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Тодорхой хэлбэл, их говийн дархан цаазат газарт багтах Баян хөндийд алтны уурхай явуулбал:

-Хөрсөн бүрхэвч задрах, бохирдуулах,

-Цөлжилт үүсэх аюултай.

-Ургамалан нөмрөгт өөрчлөлт орж, ховор нэн ховор төрөл зүйлд сөргөөр нөлөөлнө.

-Зэрлэг амьтдын амьдрах орчныг доройтуулна.

-Нутгийн оршин суугчдын газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөнө.

-Нүүлгэн шилжүүлэх асуудал үүснэ.

Түүх соёлын биет өв өртөнө,

-Бохирдуулагч болон аюултай бодис агаарт дэгдэх магадлалтай, хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөлнө гэсэн дүгнэлт гарчээ.

Их говийн дархан цаазат газарт багтах Баян хөндийд алтны ордын нөөц 10 гаруй тонн. Энэ нөөцийг “Эрдэнэс Монгол” компани ердөө 7-8 жилийн хугацаанд олборлоно. Ашиглалтын он тооллыг энэ жилээс тооцож үзвэл 2030 он гэхэд Их говийн дархан цаазат газрын байгаль орчин, говийн зэрлэг амьтдын гол бэлчээр, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээ, Залаа жинстийн цагаан омог цагаан ямаа, энэ нутгийг харж хандан хэдэн үеэрээ амьдарч ирсэн иргэд, малчдын амьдрал орвонгоороо эргэж, нүүх нь нүүж, дайжих нь дайжиж, үргэх нь үргээд энд ердөө улаан тоос, усгүй цөл үлдэхээр болоод байна.

Энэ компанийн Ерөнхийлөгч нь Канадын иргэн Петер К.Акерли бол Монгол талын захирал нь Ерөнхийлөгч Н.Багабандийн охин Б.Баярмаа юм.

Говийн их дархан газар руу шунаж байгаа компанийн Монгол талын төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа байсанд энэхүү дархан цаазат газрыг хэдэн үеэрээ сахин сууж, амь амьжиргаагаа залгуулж яваа малчид гомдолтой байна.

000 Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн охины сүйтгэх гэж байгаа Загийн ойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөн тарих ёстой юу?

Олон жилийн турш Зүүн Азийн орнуудыг хавар, намартаа нөмөрдөг шар шороон шуурганаас салах шахалтыг Монгол Улсад гаднаас үзүүлж ирсэн. Тиймдээ ч өнгөрсөн намар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганы индэр дээрээс Монгол Улс тэрбум мод тарина хэмээн амласан юм.Ийнхүү өнгөрсөн намраас хойш ТЭРБУМ мод тарих ажил орон даяар өрнөж эхэлсэн.

Гэтэл их говийн дархан газар дахь Загийн ой экс Ерөнхийлөгч Н.Багабандийн охины алтны шунал, техникийн ирэн дор хэрчүүлэхэд ойрхон иржээ. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн охины сүйдэлсэн Загийн ойг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон тэрбум төгрөг заран байж, дахин нөхөн тарих юм уу.

Харин орон нутгийн иргэд “Их говийн дархан цаазат газар, эмзэг зөөлөн хөрс, ховор ан амьтдын өлгий нутаг, малчдын амь амьжиргааг бүрэн бүтнээр нь авч үлдэх үү, энэ газраа алтны эрэлд хатсан экс Ерөнхийлөгчийнхөө охины саварт өгчихөөд, элсжин хатсан газарт дахин тэрбум мод тарих уу?” гэдэг асуултыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дайж байна.

Албан ёсны баримтуудаас харахад “Эрдэнэ Монгол” компани Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчны яамнаас 2020 оны III улиралд багтаан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, тайлангаа ирүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ирүүлэхийг мэдэгдсэн ч тус компани үүнийгээ хугацаандаа өгөөгүй. Энэ төлөвлөгөөг хоцроосон компаниудын Ерөнхий үнэлгээ хүчингүй болдог ч “Эрдэнэ Монгол” 2021 оны аравдугаар сард БОАЖ-ын яамны мэргэжлийн зөвлөлөөр батлуулж чаджээ.

Уул уурхайн компанийн хайгуулын явц дөнгөж эхэлж байхад л говийн их дархан газар сүйтгэгдэж, цөлжилт эхэлсэн байна. Уурхай хүн малын ундны эх “Эхийн гол”-оос усаа татаад эхлэхэд л энэхүү газар усны гачигдалд орох нь тодорхой болчихоод байгаа юм.

Ийм л аюулаас сэрэмжилсэн сумын Засаг дарга нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй боловч “Эрдэнэ Монгол” компани шүүхээр шийдвэр гаргуулж, Засаг даргын гарын үсгийг хүчээр авч дөнгөсөн төдийгүй олборлолт хийх үгүй нь тодорхойгүй байж аль хэдийн Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган, 270 сая ам.доллар босгож ч амжсан байгаа. Тэд яг л хуульгүй улсын зах хязгаарыг тонож буй сүрэг этгээд шиг л авирлаж байна.

Хулан, зээр, хавтгай хар сүүлт зэрэг зэрлэг амьтан идээшилж байдаг говийн их дархан газраас өнөөдөр зэрлэг амьтад дүрвэж эхэлсэн. Шинэжинст суманд байгаль орчны доройтол, усны хомстол нүүрлэсэн. Баян-Өндөр, Шинэжинстийн дэлхийд ховордсон хоёр бөхтэй тэмээ, Залаа жинстийн цагаан омгийн ямаа, цагаан ноолуурын өлгий нутгийн ан амьтан, мал аж ахуй, хүн зон бүгд эрсдэлд орж, Төрөөс гарах шийдвэр, төвөөс ирэх мэдээллийг хүлээж байгаа юм.

 

https://updown.mn/182582.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол