“ЭЕШ-2022” аян дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ
Говь-Алтай аймгийн Боловсрол, шинлэх ухааны газраас ЭЕШ-ын бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль, багш нар харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлох, чанарт ахиц гаргах зорилгоор “ЭЕШ-2022” аяныг өрнүүлж эхэллээ.
Сургууль бүр “ЭЕШ-2022” аяныг зохион байгуулах сургалтын менежрээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөө гарган ажлын үр дүнг сар бүрийн 25-нд БШУГ-т ирүүлэх ажээ. Аяны хүрээнд багш, сурагч, эцэг эхчүүдийг оролцуулсан үйл ажиллагааг зохион байгуулж, богино хугацаанд ЭЕШ-д амжилттай бэлтгэх хөдөлгөөнийг мөн өрнүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн сургуулиуд “Тэргүүлэх” зэрэгтэй багшийн сайн туршлагыг түгээх, зөвлөн туслах чиглэлээр “ЭЕШ-ын зөвлөх үйлчилгээ”- г үзүүлж, сурагчдыг шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах, эцэг эхчүүд болон багш, сурагчдад мэдээлэл сургалт явуулах, ээлжит хичээлийг эцэг эхчүүдэд нээлттэй явуулж, хамтран ажиллах, сурагчдын дунд урьдчилсан сорилууд болон мэргэжил сонголтын талаар үр дүнтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. ЭЕШ-ын агуулгаар багш нарын онолын мэдлэгийн гарааны үнэлгээний шалгалтыг зохион байгуулж сургалтын хэрэгцээг тодорхойлох ажээ. Багшийн гарааны үнэлгээнд үндэслэн судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд багш нарт сар бүр мэдлэг аргазүйн чиглэлээр даалгавар боловсруулан өгч биелэлтийг тооцох гэх мэт олон төрөлт арга хэмжээг дөрвөн сарын хугацаанд өрнүүлнэ хэмээн аймгийн БШУГ-аас танилцууллаа.