Говь-Алтай аймагт төрөлт буурчээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний нэг сарын байдлаар 65 эх амаржиж, 66 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 42 тохиолдлоор буурсан байна. Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.4 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 35 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 30 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 56.5 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Энэ оны эхний нэг сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 80 эмэгтэй хамрагдсан ба 90 хувь нь эхний гурван сартайд, 10.0 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлэв.
Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.5 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2022 оны эхний нэг сарын байдлаар аймгийн хэмжээнд 66 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42 хүүхдээр буюу 38.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 35 буюу 53.0 хувь нь хүү, 31 буюу 47.0 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас нэмж дуулгав.