📅

Хэргийн мөрөөр: Сурагч охиныг хүчирхийлсэн гэх Халиун сумын засаг дарга асан Т.Алтансүхэд хоёр жилийн ял оноожээ

🕔 2022/06/13 10:35

Хэргийн мөрөөр: Сурагч охиныг хүчирхийлсэн гэх Халиун сумын засаг дарга асан Т.Алтансүхэд хоёр жилийн ял оноожээ

 

 Говь-Алтай аймгийн Засаг дарга нар Эрүүгийн хэрэгт холбогдож байлаа. Тодруулбал, өнгөрсөн 2020 онд тус аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн өрөөнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн дарга эмэгтэй амиа алдаж, олныг цочирдуулж байсан. Харин төд удалгүй Тонхил сумын Засаг дарга Д нь хардалтын улмаас эхнэрийнхээ аминд онц хэрцгийгээр хүрч, гурван нялх үр нь өнчирч байсан билээ. Үүгээр ч зогсохгүй Халиун сумын Засаг дарга Т.Алтансүх нь бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан билээ. Тэгвэл бид сэрэмжлүүлэг энэ хэргийн талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.  

СУМЫН ЗАСАГ ДАРГА СУРАГЧ ОХИНТОЙ ФЭЙСБҮҮКЭЭР ХАРИЛЦАЖ, ХҮЧИРХИЙЛСЭН ҮҮ

         Т.Алтансүх нь 2016 онд Халиун сумын Засаг даргаар томилогджээ. Тэрбээр тус аймгийн харьяат бөгөөд 2020 онд хүчингийн хэрэгт холбогдсон. Хууль хяналтын байгууллагаас түүний хэргийг шалгаж, шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон гэнэ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Энэ хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоосон. 15 настай охиныг цахим хуудсаар нь дамжуулж, харилцдаг байсан юм шиг байна лээ. Хэсэг хугацаанд харилцаж байгаад хүчирхийлэхийг оролдсон гэсэн. Яг ч хүчирхийлээгүй учраас ийм бага ял оноосон байх. Шүүгдэгчийн эхнэр нь энэ тухай охиныг аав, ээжид хэлснээр энэ хэрэг ил болсон гэсэн. Тэгээд охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ.

      Өөр эх сурвалжийн мэдээлснээр “Т.Алтансүхэд 2.5-3 жилийн хорих ял оноосон. Тэрбээр одоо Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаа. Шүүгдэгч нь Засаг даргаар ажиллаж байхдаа ийм хэрэгт холбогдсон. 2020 онд сонгуулийн үеэр энэ хэрэг ил болж, олон нийтийн багагүй анхааралд орсон. Төрийн өндөр албан тушаалтан ийм хэрэг үйлдэхийг завдсан нь байж боломгүй” гэлээ.  

ОХИНД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧЭЭ

         Хэргийн дараа охинд шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. Мөн бага насны хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, тус суманд хүүхэд хамгааллын баг ажилласан байна.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Албаныхан шаардлагатай арга хэмжээ авч, охины аюулгүй байдлыг хангаж ажилласан. Мөн хүчирхийллийн золиос болохоос сэргийлж, олон ажлыг зохион байгуулсан” гэлээ.

Т.АЛТАНСҮХ: 15 настай сурагч охиныг хүчирхийлсэн гэдэг нь худал, үл ойлголцлын асуудал

Бид тухайн үед буюу 2020 онд тус сумын Засаг дарга асан Т.Алтансүхтэй холбогдож, хэргийн талаар тодруулж байлаа. Тэрбээр тухайн үед уг хэргийг үгүйсгэж байсан юм.

          Тодруулбал, тэрбээр “Би 2016 онд Засаг даргаар томилогдож ирсэн. Унаган Говь-Алтай аймгийн хүн. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Юу болсон талаар одоо ярих боломжгүй. Хууль, цагдаад шалгагдаад энэ асуудал одоо бараг шийдэгдэж байгаа. Тэр үед би албан ёсоор тайлбар өгнө гэсэн бодолтой байгаа. Ер нь бол үл ойлголцол үүссэнээс болж ийм хэрэг гарсан” гэж байсан билээ.

ХУУЛЬ: 14-18 НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН БОЛ 5-12 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО

        ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ, ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

 

https://ergelt.mn/news/59/single/21816

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол