Төр нийгмийн бахархалт хүн П.Жасрай
Тэрээр 1933 оны 11 сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн.
Боловсрол:
1950 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын долоон жилийн дунд сургууль, 1961 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийг төгсчээ. Тэрээр 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цолтой.
Ажил:
1950-1956 Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багш, захирал, аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст байцаагч
1961-1967 Эдийн засгийн дээд сургуульд багш
1965-1966 Эдийн засгийн хүрээлэнд аспирант
1967-1970 Статистикийн төв газарт орлогч дарга
1970-1976 Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны дарга
1976-1978 МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч
1978-1984 Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНМАУ-ын сайд
1984-1989 Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга
1989-1990 МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга
1990-1992 Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч
1992-1996 УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд
1996-2004 УИХ-ын гишүүн
2000 оноос Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Мөн төрөөс Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнагдаж, Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн.
Тэрээр 2007 оны 10 сарын 25-нд МАХН-ын 25-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байхдаа зүрх нь зогсож нас барсан юм.
Баримтууд:
Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр 1995 онд Монгол улсын газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн Молам группт Монгол улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүдийг байгуулж байсан нь мэдэгдэн шуугиан тарин цуцлагдаж байжээ.
Ерөнхий сайд Жасрайн зөвшөөрлөөр Монгол улсын засгийн газар Жаргалсайханы "Буян" компанид баталгаа гаргаж өгсөнөөс уламжлан Жаргалсайхан нь энэхүү баталгаагаараа японы "Марубени" корпорациас ихээхэн хэмжээний /хэдэн сая ам доллар/ зээл авсан байна. Дараа нь Жаргалсайхан нь зээлээ төлөхөөс зугатсан тул "Марубени" нь Монгол улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгч байсан дуулиант хэрэгтэй холбоотой хүн юм.
Бүтээлүүд:
Магадлалын онол
Мал аж ахуйн зардлыг тооцох арга зүйн асуудал
Эдийн засгийн онол
Эдийн засгийн мэдээлэл, шинжилгээ