Малдаа яваад сураггүй алга болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Дугар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т/ энэ сарын 20-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг 21-ний өдрийн 02:00 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй Г /12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Харин 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газар /гэрээс баруун урд зүгт 50 км-т/-аас эсэн мэнд олжээ. Улмаар ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн аж.