📅

Улсын хэмжээнд анх удаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгууллаа

🕔 2023/02/15 20:13

Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс тав дахь жилдээ хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөрийг энэ удаа аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулжээ. 

Говь-Алтай аймгийн эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байгаа бөгөөд нийт нас баралтын 60.5 хувийг эрчүүд эзэлж байгаа тухай 2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтэд дурдсан байна.

Энэ жил зөвхөн хөдөөгийн эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд тэднийг ЭХО оношилгоонд хамруулан эрэгтэйчүүд, дотор, мэдрэлийн мэргэшсэн эмчийн тусламж үзүүлж байгаа энэхүү үзлэг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулснаараа ихээхэн онцлогтой байлаа хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Үзлэгийг хөдөөгийн 19 суманд зохион байгуулж, 4 төрлийн мэргэшсэн эмчийн үзлэгт давхардсан тоогоор 6785 эрэгтэйчүүд, БЗДХ, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 1777 эрэгтэйчүүд тус тус хамрагдлаа. Үзлэгийн үеэр “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Аз жаргалтай амьдрал” сэдвээр 7285 эрэгтэйчүүд болон өсвөр үеийн хөвгүүдэд сургалт, мэдээлэл хийсэн аж.

Эрэгтэйчүүдийн /андрологи/ үзлэгийг Грандмед болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч хийж шинээр 168 өвчлөл илрүүлж, 62 хүнийг лавлагаа шатлалын тусламж үзүүлэхээр илгээн 106 хүнд эмийн эмчилгээ зөвлөлөө. Эрэгтэйчүүдийн дунд цусны эргэлтийн болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг давамгайлан илэрсэн тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол