Нутгийн зөвлөлтэй хамтран эрүүл мэндийн төлбөргүй үйлчилгээ үзүүллээ
Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс аймгийн ЗДТГ, ЭМГ, Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Эрүүл Алтай" хөтөлбөрийн баг бүрэлдэхүүн урд бүсийн сумын 3000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Тэд есдүгээр сарын 14-нөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багт ажилласан бол эдүгээ Цогт сумд үргэлжүүлж байгаа юм. “Эрүүл-Алтай” хөтөлбөрийн хүрээнд дотор, мэдрэл, дүрс оношлогоо, ЭХО-ны эмч, хүүхэд, БЗДХ, арьс харшлын эмч нар ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийжээ.
Баг бүрэлдэхүүнд Нутгийн зөвлөлийн төлөөлөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч тус аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар буй бөгөөд тэд сумдын ард иргэдийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл амьдралын дадал хэвшлийн талаар сургалт явуулснаас гадна мэрэгэжлийн инженер эмнэлгийн тоног төхөөрөмжийг засаж, ашиглалтын заавар өгч буй.
Мөн Алтай сумын гурав, Цээлийн дөрөв, Цогтын дөрвөн бүтэн өнчин хүүхдэд Нутгийн зөвлөлөөс бэлэглэсэн тус бүр 524000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулав.