Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар
БНХАУ, ОХУ гэсэн хоёр томоохон гүрний дунд орших гуравхан сая хүн амтай, байгалийн баялагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгддэг далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн болоод улс төрийн асуудал аль хэдийнэ олон улсын анхаарлыг татах болсон билээ. Монголын жүдогийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн үг, дэлхийн төрийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон гээд сүүлийн өдрүүдэд Монголын тухай сайн нь ч, саар нь ч дэлхийн хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсээр байлаа. Харин тэр бүх мэдээллээс энэ удаагийн "Монгол дэлхийн хэвлэлд” буландаа Монгол Улсын Засгийн газар огцорсон хийгээд цаашид гарах үр дагаварын талаар хоёр хөршийн болон Японы томоохон мэдээллийн агентлаг хэрхэн мэдээлснийг сонирхуулахаар бэлтгэлээ.
NHK: Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй
"Мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан тухай олон улсын хэвлэл бүр өөр өөрийн байр сууринаас мэдээлж байгаа. Тэгвэл Японы "NHK” агентлагийн цахим хуудсанд манай улсын Засгийн газрын тогтворгүй байдлыг Хойд Солонгосын асуудалтай илүүтэй холбон мэдээлжээ.
Үүнд "Хойд Солонгостой онцгой харилцаатай Монгол Улсын парламент энэ сарын 7-нд мэргэжлийн сайдаар хангаж чадаагүй зэрэг шалтгааны улмаас Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалаа. Гэвч, тус улсын энэ мэт улс төрийн эмх замбараагүй байдал нь Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Монголд өнгөрсөн оны зургадугаар сард болсон парламентын сонгуулиар тухайн үед хамгийн том сөрөг хүчин байсан МАН 80 гаруй хувьд ялалт байгуулж, Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлэх болсон юм. Гэтэл энэ сарын 7-нд болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар мэргэжлийн сайдаар хангаж чадаагүй гэх шалтгааны улмаас Засгийн газрыг огцруулах тухай саналыг эрх баригч намын гишүүдийн талаас илүү хувь нь дэмжсэнээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгуулснаас хойш эрх баригч МАН-ын дотоод дахь сөргөлдөөн улам бүр гүнзгийрэх болсон бөгөөд дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл нэлээд хугацаа зарцуулах төлөв ажиглагдаж байна.
Монгол Хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаатай төдийгүй, онцгой харилцаа холбоотой улс юм. Өмнө нь тус улсын нийслэл Улаанбаатар хотод Япон болон Хойд Солонгосын Засгийн газар хоорондын уулзалт, хэлэлцээр болж байсан удаа бий. Түүнчлэн, Засгийн газар огцрохоос нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай анх удаа уулзсан юм.
Монголд Ерөнхийлөгч "Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” бөгөөд эрх мэдэл нь хязгаарлагдмал байдаг. Гэвч, Засгийн газар нь огцорсонтой холбоотойгоор үүссэн өнөөгийн улс төрийн эмх замбараагүй байдал удаан үргэлжилбэл цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр буй Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна” хэмээн бичжээ.
Reuters: Монголын бондын үнэ уналаа
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа олон улсын зах зээл дэх Монгол Улсын бондын үнэ унаж эхэлсэн тухай "Reuters” агентлаг мэдээлсэн байв. Тэрхүү мэдээлэлд "Монголын парламент өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Ерөнхий сайдаа огцруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу баасан гарагт Монголын бондын үнэ унаж эхэлжээ.
"Tradeweb data”-ын мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой "Чингис” бондын ханш 0.462 центээр унаж, нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их унасан үзүүлэлт болж байгаа юм.
Түүнчлэн, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ.
Эрх баригч Монгол Ардын нам долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа парламентаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан. ОХУ, БНХАУ-ын дунд орших асар их баялагтай, хүн ам цөөнтэй тус улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаагаа гүйцээгээгүй билээ” гэжээ.
XINHUA: МАН-ын гишүүд өөрсдөө Засгийн газраа огцруулав
БНХАУ-ын төрийн мэдлийн "Синьхуа” агентлагийн цахим хуудаст манай улсын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээ нийтлэгдсэн байна. Тэрхүү мэдээлэлд "Монголын хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн шөнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг кабинетых нь гишүүд чадваргүй, дээр нь концессын гэрээ тойрсон авлигад нэр холбогдсон гэх шалтгаанаар огцруулжээ.
Түүнд итгэл үзүүлэх эсэх хуралдаанд 73 гишүүн оролцсон бөгөөд МАН-ын 31 гишүүн огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол 42 гишүүн эсрэг санал өгсний 33 нь эрх баригч намын гишүүн, найм нь сөрөг хүчин Ардчилсан намынх, үлдсэн нэг нь бие даагч гишүүн байсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны долдугаар сард байгуулагдсанаас хойш 14 сарын дараа огцорч байна.
Эрх баригч Монгол ардын намын хэсэг гишүүд сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдтэй нэгдэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын гурван гишүүний хувийн компанитай нийт 328 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, парламентын журмыг зөрчсөн хэмээн буруутгаж байв. Харин Ж.Эрдэнэбат "Сүүлийн 25 жилд Монгол Улс 13 Засгийн газрын нүүр үзлээ. Тэдгээр Засгийн газрын ердөө хоёр нь л дөрвөн жилээ гүйцэт ажилласан байхад үлдсэн 11 нь 1-2 жил л ажилласан. Засгийн газрыг огцруулах нь хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй эдийн засаг, улс орны хөгжил дэвшлийг удаашруулах буруу жишиг тогтоож байна” гэдгийг хуралдааны үеэр тодотгож байлаа.
Түүний кабинетын гишүүд ч гэсэн өөрт холбогдох асуудлыг үгүйсгэсэн мэдэгдэл хийж, тэд болон тэдний гэр бүл концессын гэрээтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж байсан юм. Олон Улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Засгийн газар унасан нь далайд гарцгүй тус улсын эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд санаа зовнисоор ирсэн бөгөөд Монгол Ардын намын удирдлага дор байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадна гэдэгт ихээхэн найдлага тавьж байсан юм.
Гэсэн ч, түүхэндээ анх удаагаа парламентад 65 суудалтай эрх баригч МАН-ын гишүүд өөрсдөө Засгийн газраа огцрууллаа. "Алтан Бумба” санхүүгийн группын шинжээч Дэйл Чой "Долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намын нэр дэвшигч ялагдсаны дараа бий болсон намын дотоод улс төрийн асуудлаар Ерөнхий сайдаа огцруулсан. Шинэ Ерөнхий сайд өмнөх Сангийн сайдыг албан тушаалд нь дахин томилж байж, хөрөнгө оруулагчдыг тайвшруулах болов уу. Гэхдээ, тэгээгүй байсан ч Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх хангалттай олон технократ гишүүн бий” гэж ярилаа.
Монгол Улсын хуулийн дагуу УИХ-аас 45 хоногт багтаан шинэ Ерөнхий сайд болон түүний кабинетыг байгуулж, Ерөнхийлөгч батлах ёстой. Харин шинэ Ерөнхий сайд болон түүний кабинет бүрэлдэх хүртэл Ж.Эрдэнэбат болон түүний Засгийн газар үүрэгт ажлаа гүйцэтгэх билээ.
ЭХ СУРВАЛЖ: MОНГОЛЫН МЭДЭЭ
Б.Даваахүү