📅

ЗӨВШИЛЦӨХ ЭЗЭНГҮЙ АЖИЛ ХАЯЛТ

🕔 2017/09/22 09:11

ЗӨВШИЛЦӨХ ЭЗЭНГҮЙ АЖИЛ ХАЯЛТ

 

Багш нар сарын цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хандан тавьсан ч хариу өгөөгүй тул сануулах ажил хаялт зохион байгуулна хэмээн мэдэгдээд байсан. Энэ ч ёсоороо өчигдөр зарим сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ хүлээн аваагүй.
 
Тиймээс ч "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийсэн. Тус хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Монголын багш нарын цалин нэмүүлэх асуудлаар Засгийн газар хариу ирүүлээгүй учраас сануулах ажил хаялтыг орон даяар хийж байна. Одоогоор улсын хэмжээнд 60 хувьтай байна. Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй үргэлжлэх учраас Засгийн газраас хариу егөхийг шаардаж байна” гэв.
 
Мөн тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав "Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байна. Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрсэн байна. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж хүсэж байна. 1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй. Боловсрол гэдэг Монголын хамгийн том хөгжлийн гарц. Нийт 40 гаруй мянган багш нарын сэтгэлийн дуудлагаар хийж буй ажил энэ юм” гэв.
 
"Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ "Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай байна. Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа. Энэ бол 12.00 цагийн байдлаар авсан тоо. Цаашид энэ тоо өснө”  хэмээн мэдээллээ.

Гэвч өнөөгийн нөхцөл байдалд Засгийн газар нь үүрэг гүйцэтгэгч болчихоод байхад хэрхэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлчээр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч энэ оны төсөвт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад 1.35 их наяд төгрөг төсөвлөжээ. Тиймээс багш нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд төсөвт нэг их наяд орчим төгрөг нэмэлтээр суулгах хэрэгтэй болно гэсэн тооцоо гараад байгаа учраас цалин нэмэгдүүлнэ гэдэг тун хэцүү гэдгийг албан бусаар хэлээд байгаа.
 
Олон нийтийн хувьд багш нарын цалинг нэмэх нь зүйтэй хэмээж байгаа төдийгүй дараагийн ээлжинд эмч нарын цалинг нэмэгдүүлэх учиртай гэж байгаа. Гэвч энэ нь хэн нэгний амны зоргоор хэлээд шийдвэрлэчихэж болох асуудал биш гэдгийг хүн бүр мэднэ. Учир нь цалин нэмэгдүүлэх гэдгийн цаана төсөв яригдах нь гарцаагүй. Тэгээд ч манай улсын эдийн засгийн нөхцөл байдлаас харахад л энэ удаа шууд бүх багшийн цалинг хүссэн хэмжээнд нь хүргэж 1.6 сая болгох боломжгүй. Харин түр хорооныхоны хүсч байгаачлан дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн багш нартай хамтдаа хэлэлцэн шатлалтай байдлаар нэмэгдүүлэхийг судалж үзэх шаардлага тулгараад байна. Хэрвээ тэгэхгүй бол улс нь эдийн засгийн хувьд сөхөрч унахдаа тулчихсан байхад их хэмжээгээр нэмэгдүүлнэ гэдэг юу л бол.
 
Учир нь багш нарын цалинг ядаж л нэг сая төгрөгт хүргэлээ гэж бодоход улсын төсөвт жилд 480 тэрбум төгрөг суулгах шаардлагатай болно гэсэн тооцоолол бий. Гэтэл манай улс ирэх оны нэгдүгээр сарын 5-нд Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлж дуусгах ёстой. Уг өрийг одоогийн долларын ханшаар 2450 төгрөгт үржүүлэхэд нэг их наяд 225 тэрбум төгрөг болж байна. Мөн 2017 оны тавдугаар сард Дим Сан бонд буюу нэг тэрбум юанийн хүү 160 сая ам.долларыг төлөх хуваарьтай. Ийн ирэх онд 660 сая ам.долларын өр төлбөр нэхэгдэж байхад ёстой л цалин цаашаа гэдэг л болох болов уу.
 
Тэгээд ч үнэн хэрэгтээ өнөөдөр багш нар цалингаа нэмэгдүүлнэ гэж байгаад хүссэндээ хүрлээ гэхэд цаана нь төсвийн ихэнх орлогыг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийнхэн хэрхэх бол гэдэг асуулт гарч ирнэ "Мэдээж айл, өрх бүрт хувийн хэвшилд ажилладаг хэн нэгэн бий, бүр цаашилбал гэр бүлийн хоёр хоёулаа аль нэг компанид ч ажиллаж байгаа. Тэдний, бидний амьдрал яах бол. Аль нэг салбарын цалин нэмэгдэхэд түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өгсдөг. Ингээд харахаар энэ нь ёстой л еэвэнгийн хоёр тал гэдэг шиг л хоцрох вий гэсэн айдас үүснэ. Угаас төрийн  байгууллага болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд/ бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хувийн хэвшлийнхэн "хуйхаа” маажаад үлддэг. Энэ л үлгэр дахин давтагдах магадлал үүсч байна. Харин зөвшилцөх, эрх мэдэл бүхий Засгийн газар байхгүй үеэр энэхүү ажил хаялтыг зарласан нь цаг үеэ олоогүй мэт.
 
Хэрвээ өнөөгийн үүрэг гүйцэтгэгч нар багш нартай зөвшилцөөд ажил хаялтаа зогсоолоо гэхэд дараагийн сайд нар гарч ирээд юу гэх бол. Хэрвээ шүү... Явах хүнээр ачаа бүү татуул гэгчээр цаадуул чинь тооцоо судалгаагүйгээр цалинг чинь жаахан өсгөсөн байна. Бид албан журмаас олгох мөнгө хөрөнгө байхгүй гэвэл яах вэ. Багш нарын цалин нэмэгдсэн сургаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, хувийн хэвшлийнхэн ч хуучны цөөхөн хэдэн төгрөгөө авч, багш нарын хувьд үүрэг гүйцэтгэгчдээр "хулхин дээрээ ургуулсан цэцэг”-тэй үлдэх үү.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол