Иргэдэд ”дэм”-гүй эдийн засгийн өсөлт
Энэ оны эхний хагас жилийн байдлын эдийн засгийн 5.3 хувийн өсөлтийн талаар УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг хааж, намрын чуулганыг нээхдээ хэдэнтээ дурдлаа. Иргэдийн амьжиргаанд дусал нэмэр болоогүй эдийн өсөлтийг мянгантаа тоон үзүүлэлтээр давтаад ч эергээр хүлээж авахгүйн лавтай. Гэхдээ багш, эмч нарын цалин шаардлага эдийн засгийн өсөлт хөрсөн дээр буугаагүйг эрх баригчдад мэдрүүлсэн нь хачирхалтай. Тодруулбал "Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна” спикер хэлсэн үгэндээ онцоллоо. Ер нь багш, эмч нар бол нийгмийн дундаж давхрагын төлөөлөл. Тиймээс амьжиргааны доогуур эмзэг бүлгийнхний амьдралд эдийн засгийн хямрал улам л гүн мэдрэгдэж байгаа.
Наанадаж, нэмэр болохгүй юм гэхэд нэрмээс болохгүй байх хэрэгтэй гэдэгчлэн зарим төрлийн татварыг нэмэхгүй, хүүхэд бүртээ биш гэхэд зорилтот бүлгийнхний хүүхдийн мөнгийг тасалдуулалгүй олгож байсан бол амьжиргааны төвшин доогуур айл өрхөд дэмтэйсэн. Хүйтний ам наашилсантай зэрэгцээд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, түлээ, нүүрсээ базаах гээд өдөр тутмын хэрэглээ нэмэгдээд эхлэхээр өрхийн эдийн засаг улам бүр хомсдож байгаа. Үүнтэй зэрэгцээд төр, засаг нь тогтворгүй, эдийн засгийн хямралыг даван туулж, сэргээх хөтөлбөрийг цаасан дээр баталж, хэрэгжүүлэхээсээ илүүтэй ярьсаар жил гаруй хугацааг үдэж байгаад олон нийт бухимдалтай байна.
Хэдийгээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэх ч өнөөдрийн байдлаар эмзэг давхрагыг эрсдлээс хамгаалах бодлого хэрэгжихгүй байгааг хүүхдийн мөнгө олгоогүй гацааснаар жишээлэхэд хангалттай.
Дээр нь ирээдүйд төлөх их өрийн хэмжээ ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байгаа нь даанч харамсалтай. Уг нь өрийн таазыг нэмэгдүүлж болохгүй гэж өнгөрсөн парламентад сөрөг хүчин байхдаа өнөөдрийн эрх баригчид чанга дуугаар хашгирдаг байсан. Тэгвэл энэ оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс гадна он гараад "Чингис”, "Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхэлнэ.
Цаашлаад өнөөдрийн тухайд багш нар, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлагыг төр, засагт тавьж, тэмцлийн хэлбэрээ хурцатгана гэж сүрдүүлж байгаа. Ер нь "тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт”-ыг МАН сонгуулийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд асуудлыг шийдэх талаар УИХ-ын дарга намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дурдана лээ. Нэгэнтээ цалин хөлсний асуудлыг хөндсөнтэй холбогдуулан сонирхуулахад ЗГХЭГ-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат "Багш нарын цалинг наанадаж 50 хувь нэмэгдүүлэх боломж бий шүү” гэж байнгын хорооны хуралдаан дээр чанга дуугаар дараагийн Засагт захиж байна лээ. Явах хүнд үхэр тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сайдын өндөр дээд албан тушаалаасаа бууж байгаа эрхэм улстөржсөн нь илт. Учир нь Ерөнхий сайдад нэр дэвшигч, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх "Цалин нэмэх боломж, гарц байгаа бол хэлээд өгөөрэй, хамтдаа гарц хайж, судалъя” гэсэн хариулт өгч, амыг нь таглана лээ. Засгийн танхимд тохой залган сууж байсан хоёр эрхэм ийн тэрсэлдсэн нь эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй нь олон нийтэд тодорхой асуудал.
Уг нь эдийн засгаа гаднын дэмжлэгтэй бус дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж сэргээх боломж байгаа талаар эдийн засагчид төдийгүй үе үеийн парламентчид ярьдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга ч чуулганы нээлтэд энэ талаар тодорхой дурдсан. Хуулиа батлаад хэрэгжүүлэхгүй хавтаслаад орхидог жишээний нэг нь 2015 оны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хууль. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлвэл "сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөгийг дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно” гэдгийг төрийн тэргүүн тоо баримттай дурдсан.
Ер нь иргэд ажилтай байж цалинтай, цалинтай байж амьжиргаанд нэмэр болно. Түүнээс бус нэг талын барьсан хөөсөрсөн тоон үзүүлэлт нийт масст нөлөөлдөггүй өнгөрсөн жилүүдийн гашуун сургамжийг эрх баригчид уг нь мэдэж байгаа.
Намрын чуулганаар шинэ Засгийг байгуулах, энэ оны төсөвт тодотгол хийх, ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг батлах гээд парламенчдын өмнө их ажил хүлээж байна. УИХ хуулийн хугацаандаа энэ их ажлаа нугалж, баталлаа гэх байх. Гэхдээ ирэх жилийн төсөв эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлөөсэй билээ.
Н.Энхлэн