📅

Амьтан цөвтөх

🕔 2017/11/06 12:24

 

Амьтан цөвтөх. Амьтдын бие нь багасаж дүрс нь гуа болох, хийж буй ажил үйл нь муу юманд автагдах биеийн тэнхээ тамир нь хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь
мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх танил садан хань нөхөдтэйгээ таарахаа болих, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг амьтан цөвтөх цаг гэдэг.

Нисваанисаар цөвтөх буюу сэтгэлийн гэмээр цөвтөх. Хүний хүсэл тачаал, урин
мунхаг уур хилэн, омог харам их түргэдэх буюу давамгайлах, гал мэт бадрах цаг
болохыг нисваанисаар цөвтөх гэдэг.

Нас цөвтөх буюу амьтан наслах насаа насалж чадахгүй богиносох. Их дороо үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг нас цөвтөх гэдэг.

Үзэл цөвтөх буюу амьтны үзэл буруутах. Гурван эрдэнэ хийгээд үйлийн үр зэрэг зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшроод сүүлдээ түүнийг худал гэж санаад, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болиод өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, зодож нүдэх буруу үзэлд автагдах, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг үзэл цөвтөх гэдэг.

Цаг цөвтөх. Одоо цагийн хүний нас 50 байгаа. Энэнээс хойш нас нь улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Хүний нас 50 хүрнэ гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй: хуучин хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг юм. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 руу дөхөж яваа. Үүнээс цааш хүний нас 10 хүртлээ богиносох юм. /Богдын бошго буюу цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол