📅

Монголоо муулахгүй хөдөлгөөнд нэгдэцгээе

🕔 2017/06/29 10:39

Эрдэмтэй Монгол – Монголын баялаг

Монголоо муулахгүй хөдөлгөөнд нэгдэцгээе
Өнөөдөр Монгол гэдэг муухай байна. Монгол улс хөгжил буурай байна. Монгол хүн моралгүй, эрдэмгүй, өчүүхэн байна. Монгол хүн нэгнийгээ дээрэмдэж, тонож, түүнийгээ агуу үйлс бүтээсэн мэт сагсуурч л явна. Монгол хүн асуудал ихтэй байна.
Энэ олон асуудлыг хөгжих, сайжрах, дээшлэх, дэвжих боломж гэж харцгаая.
Юуны түрүүнд, цөөн хэдэн Монгол ахан дүүсээ дээрэмдэж, арчаагүй зан гаргаа л биз. Хойч үе хэзээ ч энэ алдааг давтахгүй байхаар үр хүүхэддээ Монгол ахан дүүгээ эрхэмлэж, хайрлахыг зааж сургая.
Мөнгө бол нэг л өдөр дуусна, данс нэг л өдөр хоосорно. Харин нэгнийгээ эрхэмлэх, өөрийн ахан дүү мэт хайрлах эрдэм хэзээ ч дуусахгүй. Монголчууд нэг нэгнээ эрхэмлэж, хайрлаж байгаа цагт мөнгийг хэд л бол хэдээр олж чадах хүмүүс.
Таны өдөр тутмын амьдралд тулгарч буй аар саархан асуудал олон Монгол хүнд ч гэсэн тулгарч байгаа. Та тэвчээртэй байж, нэг ч өдөр болов Монгол ахан дүүсээ муулахгүй, сэтгэлд сэв суулгах хараалын үг хэлэхгүй тэвчээд үзээрэй. Танд тийм чадвар бий.
Монголчууд бидэнд Монголоо гэх, Монгол ахан дүүсээ гэх дан ганц сэтгэл хангалтгүй. Сэтгэл бол хувирамтгай. Сэтгэл нэг өдөр ууртай, нэг өдөр гунигтай, өөр өдөр баяртай. Сэтгэл заримдаа гомдоно, заримдаа хорсоно. Тэвчээр, сэтгэлийн хат, тэнхээ, уучлах, хүнлэг байх, ахан дүүсээ хайрлах, ахан дүүсдээ зориулж хийж бүтээх зэрэг эрдэмгүй сэтгэл, эрдэмд суралцаагүй сэтгэл бол тогтворгүй, тууштай биш, жанжин шугамгүй. Тиймээс Монголчууд бид эрдэмд суралцах цаг нэгэнт болжээ.
Монголын жинхэнэ баялаг бол эдийн засгийн баялаг биш ээ. Эдийн засгийн баялаг ердөө л хоёрдагч баялаг. Монголын жинхэнэ баялаг бол эрдэмд суралцсан Монгол хүн. Сэтгэлийн хөдлөлд амархан автахгүй эрдэмд гарамгай Монгол хүн. Эрдэмээр сэтгэлээ хазаарласан Монгол хүн Монгол ахан дүүсээ хайрлана, эрхэмлэнэ. Монголоо нандигнана.
Эрдмийг бага дунд их сургуулиуд бүрэн зааж чадахгүй. Монгол хүн та л үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх учиртай. Монголын баялаг, Монголын хөгжлийн түлхүүр энд л оршино.
Тиймээс Монгол хүн та өнөөдрөөс Монгол хүнээ, Монгол ахан дүүсээ муулахгүй, хараахгүй, муу санахгүй тэвчээрэй. Өдөр тутмын аар саар амьдрал таньд хэцүү байгаа бол бусад Монголчуудад ч гэсэн хэцүү байгаа гэдгийг санаад сэтгэлийн тэнхээ гаргаарай.
Монголчууд бүгдээрэй эрдэмтэй Монгол хүн болох, суралцах хөдөлгөөн өрнүүлж нэгдэцгээе. Монголоо муулахгүй, муухай үг чулуудахгүй хөдөлгөөнд нэгдэцгээе.
Монголын жинхэнэ баялаг бол Монгол ахан дүүсээ эрхэмлэх, хайрлах эрдэмтэй, хамтдаа хийж бүтээх, хамтдаа сайхан амьдрах хүсэлтэй Монгол хүн та.

Эрдэмтэй Монголын Хөдөлгөөн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол