📅

Дуудлагын түргэн тусламж “нууц” бизнес болжээ

🕔 2017/11/16 10:53

Дуудлагын түргэн тусламж “нууц” бизнес болжээ

 

М.БААСАНДЭЛГЭР

Хөдөө орон нутаг тэр дундаа сум, багуудад эрүүл мэндийн үйлчилгээ хүрдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, эмч сувилагчийн мэдлэг чадвар тааруу гэдгийг өнгөрсөн сар хөдөө ажлаар явахдаа өөрийн биеэр мэдрэв.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнгөрсөн сарын 13-нд н.Ган-Эрдэнэ гэх залуу гэр бүлийнд 2-3 хүнтэй хамт ажлын шугамаар очсон юм. Очсон хэргээ бүтээгээд хот руу буцах гэж байтал хамт явсан 30 настай залуу О гэрт орох гэж байхад нь өөдөөс нь хүн гарч ирж мөргөөд, гэрийн өндөр босгон дээр давхарлалдан унав. Дээр нь унасан залуу босч нөгөө хүнээ татах гэтэл нөгөөх нь босч чадсангүй. Баруун хөл нь огт хөдлөхгүй байна гээд хүн хүргэхгүй, орилоод хэвтчихэв. Гадаа хэвтэж байлтай нь биш гээд хүчээр шахуу гэрт өргөж оруулаад хэвтүүллээ. Гэрийн эзэн "Манай энд нэг сайн барьдаг ах хүү бий. Тэрийг дуудаад бариулаад гайгүй байх” гэв. Удалгүй 60 дөхөж яваа болов уу гэмээр ах ирж хөлийг нь үзээд "Ээ хөөрхий. Гуяараа хугарчихаж. Хоёр хөл нь таг зөрөөд урт, богино болчихсон байна. Хурдан эмч дуудаж, хот бараад. Та нар чиг тавьж бооно гэж ярилтгүй шүү. Тэсэхийн аргагүй өвдөнө. Зуу татчихчихвал зүгээр дээ хүү минь” гээд гараад явчихав. Нээрээ л манайхан өвдөж хавдвал зуу тат, архиар шавш, архиар зайл гэдэг. Өөрсдөө аргалж чадахгүйгээс эмч бараадахаар  түргэн тусламж дуудтал Төв аймгийн эрүүл мэндийн төв гээд нэг дугаар өгөв. Тэр дугаар руу нь залгатал яг Эрдэнэ сумын эмнэлэг гэсэн дугаар байхгүй байна. Эрүүл мэндийн төвийнх нь дарга гээд нэг хүний дугаар өгөв. Ийшээ ярь, тийшээ залга гэсээр хэд хэдэн дугаар руу залгаж арай гэж нэг сумын эмчтэй ярихад "Хөл нь хугарсан бол хот руу л явна. Бид очоод ямар ч нэмэргүй. Хөлийг нь хөдөлгөлгүй гэмтлийн эмнэлэг дээр оч” гээд утсаа тасдав. Түргэн тусламж, эмч, сувилагч горьдоод хэрэггүй бололтой. Тиймээс цаг алдалгүй хот бараадахаас өөр аргагүй болов. Ирсэн шигээ хотын дөрвөн нөхөр машинтайгаа буцъя гэхээр хугарсан хөлийг нь хөдөлгөж болохгүй дээр нь тэсэхийн аргагүй өвдөж байгаа хүнийг яаж машинд суулгаад сэгсчүүлээд явж байхав. Ядахад Тэрэлжээс нааш ирэхэд зам нь их бартаатай, дээр нь гурван гол гаталж, машиныхаа гуперийг салган барин ирсэн байдаг. Өөрсдөө авч явна гэдэг бүтэхгүй нь. Яаж ийж байгаад зориулалтын дамнуурга дээр хэвтүүлж хот хүрэх хэрэгтэй гэж арга чарга хайж байхад нутгийн нэг залуу "Мөнгийг нь төлбөл дуудлагаар ирдэг түргэн байдаг. Төлбөр нь нэлээн өндөр болохоор хаана ч байсан ирдэг гэсэн. 103 юм уу лавлахаас асуугаад үз” гэлээ. 103 руу залгахад төлбөртэй түргэн тусламж байдаггүй гэв. Лавлахаас асуухад хөдөө орон нутаг руу очиж үйлчилдэг гээд нэг дугаар өгдөг юм байна. Тэр дугаар руу нь байгаа газар, учир шалтгаанаа хэлэхэд нэг км 1000 төгрөг. Яг дуудлага өгвөл одоо хотоос шууд гарна гэв. Ашгүй нэг юм байгаа газраа зааж, 11:00 цагийн орчимд дуудлага өгөв. Орон дээрээ хажуугаараа хэвтчихсэн, балга ус ч уухгүй, хөлөө тэврэн тэсэхийн аргагүй өвдөж байгаа О-г харахын эцэсгүй. Гэрт байгаа хүмүүс байж суух газраа олж ядан түргэний тэрэгний барааг байн байн гарч харсаар… 13:00 цагийн үед залгахад замаараа хүнд юм өгчихөөд очиж явна гэв. Хүн өвдөөд, улам хүндрээд байна гээд уурлалтай нь биш, хүлээхээс өөр аргагүй. Өдөр 15:30 цагийн орчимд ашгүй нэг юм Цагаан "Starex” машинтай хүүхэн, залуу хоёр гэрийн үүдэнд ирлээ. Жолооч залуу орж ирээд өвчин намдаах лаа өгөв. Эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгч, даралтын аппарат, гэх юм алга. Хамт байсан эмэгтэй эмч нь биш, ханиндаа явж байгаа бололтой. Өвчин намдаах лаагаа хам хум хийгээд дамнуурга дээр хэвтсэн өвчтөн, надтай хамт явж байсан эмэгтэй, хотоос ирсэн хоёр нийлээд бид тав хот руу хөдлөв. Шороон замаар явахад донсолгоо таарах бүрт хугарсан хөл нь халуу оргин янгинаж, ядарч сульдаж, аргаа барж байгаа хүнийг харахад 80 км газар 1000 км юм шиг л санагдаж байлаа. Жолооч биднийг хөл бүсэлхийгээр нь чанга тэврээд хөдөлгөлгүй барь, тэгэхгүй бол хугарсан яс нь улам зөрнө гэхээр нь хамт явсан эмэгтэй бид хоёр асрагч болов. Замдаа машин нь хоёр гурван удаа сууж, сандарсан гурван эмэгтэй нь бууж түрж, кино шиг юм болсоор засмал замтай залгаж хэсэг тайвшрав. Баянзүрхийн товчооноос цааш жолооч дуут дохио хангинуулж, хурд хэтрүүлэн давхих нь тэр. Дуут дохионы зөвшөөрөлтэй юмуу гэхэд жолооч хариулсангүй. Давхисаар 18:00 цагт гэмтлийн эмнэлэг дээр ирж хөлнийх нь зургийг авхуулав. Дунд чөмөг нь хугарсны дээр зөөлөн эдийн гэмтэлтэй. Цаг их алдсан болохоор яаралтай хагалгаанд орно. Аль өглөө хугараад, гурван цаг гаруй сэгсчүүлж ирсэн гэхээр бүр хүндэрсэн биз гэж үзлэг хийсэн эмч хэлэв. Энэ зуур түргэний тэрэг 200 мянган төгрөг аваад ум хумгүй алга болжээ. Хаанахын ямар компаниас ямар зөвшөөрлөөр явдаг талаар нь асууя гэж байгаад чадсангүй алдчихав.

Хэд хоногийн дараа ямар хүмүүс ийм үйлчилгээ үзүүлж байгааг судлахад голдуу хувийн эмнэлэг, буяны байгууллагууд үнэ хөлсөө тохироод аймаг, сумдаас хот руу өвчтөн зөөж авчирдаг байна. Төлбөрийн хувьд ихэнхдээ нэг км нь 1000 төгрөгөөр тохирдог. Өнөөдрийн байдлаар "Зүүн түмэн буян”, "Найдвар хостэст”, "Арын алба” сервис, "Топаз” гэсэн газар энэ төрлийн үйлчилгээг тогтмол үзүүлдэг, хүмүүс ч багагүй мэддэг болсон байгаа юм. Мөнгөө төлсөн байхад л Монгол орны хаана ч байсан тэд очиж чадна. Гэхдээ ачаа зөөж байгаа аятай ямар ч аюулгүй байдал хангаагүй машинаар хүн тээвэрлэж, дээр нь эмчгүй, явж байгаа нь их эрсдэлтэй. Дуудлагын түргэн нь манай улсад чимээгүй бизнес болсон ажээ. Лавлах руу залгаад дуудлагын түргэн дуудах гэсэн юм гэвэл дээрх газруудын дугаарыг шууд өгнө. Аймаг, суманд нь эмчлэх боломжгүй, яаралтай арга мухардсан үед иргэдэд энэ үйлчилгээ тус болдог л байх. Гэхдээ нөгөө талаараа хүний зовлонгоор бизнес хийж мөнгө олж байгаа энэ газруудад ямар ч хяналт байхгүй байна. Гэнэтийн үед авч явсан өвчтөнийх нь бие муудах, цаг агаарын өөрчлөлт гарах, машин сууж саатах үе гарвал өвчтөний амийг хэн хариуцах вэ. Нөгөө талаараа аймаг, сумдад бүх төрлийн өвчтөнд анхны тусламж үзүүлэх боломж байхгүйгээс энэ төрлийн эрсдэлтэй бизнес чимээгүй газар авсаар байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол