📅

35 ДАХЬ БОЛОР ЦОМЫН ЭЗНЭЭР ХОВДЫН М.ОТГОНБАЯР ТОДОРЛОО

🕔 2017/12/27 13:05

“Болор цом-35” яруу найргийн наадам Алтай хотноо болов Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 35 дахь жилдээ Алтай хотноо 12 дугаар сарын 15-ны өдөр болов.
Уг наадам энэ жил Засгийн газрын 36 дугаар тогтоолоор Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог бөгөөд 380 гаруй яруу найрагчдаас шалгарсан 32 найрагч уралдлаа.
Наадмын тэргүүн байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат М.Отгонбаяр, дэд байрт Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Х.Нямхишиг, гутгаар байрт Завхан аймгийн харьяат О.Цэнд-Аюуш, удаах байруудад Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Б.Ганхүрэл, Хэнтий аймгийн харьяат Д.Одгэрэл нар шалгарлаа.
Мөн Завхан аймгаас Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагналыг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Нацагдоржийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирт хүртээлээ.

Ховд аймгийн Дуут сумын харьяат яруу найрагч М.Отгонбаяр Ижийдээ нас гуйж бичсэн шүлгээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ.

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс
Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс
Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас
Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс
Амраглан дурлагч гоо уулнаасаа
Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас
Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс
Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг
Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй
Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж
Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм
Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь
Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам
Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл
Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь
Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл
Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ
Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал
Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна
Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань
Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,
Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч
Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч
Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч
Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг
Ижийд минь нас хайрлаач
Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач
Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад
Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол