📅

БАХЫТГҮЛ: НАМАЙГ АЛСАН Ч МИНИЙ ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСТ Д.МУРАТТАЙ ХОЛБОГДОХ БИЧЛЭГҮҮДИЙГ ҮЛДЭХЭЭР ХАДГАЛУУЛСАН

🕔 2018/01/09 10:30

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой гомдол нийгэмд ноцтой асуудал болж байгаа бөгөөд нэг хэсэг нь итгэж байхад нөгөө хэсэг нь эрхэм хүний нэр төрийг гутаах зорилготой гүтгэлэг гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл хохирогч гэх эмэгтэй анх удаа хэвлэлд ярилцлага өгсөнийг манай сайт нэмэлт хачиргүй, засваргүйгээр хүргэж байна.

ТӨРИЙН ТҮШЭЭГИЙН ТУХАЙ БӨӨЛЖИС ЦУТГАМ ЯРИЛЦЛАГА ХҮРГЭЖ БАЙГААДАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ. ГЭХДЭЭ ИРГЭН МЭДЭХ ЭРХИЙН ХҮРЭЭНД.

ТАТАР: Уучлаарай Та одоо бол нэг л удаа ярилцлага өгнө гэсэн болохоор би боломжийг ашиглаж хувийн шинжтэй зүйлүүд шулуухан асууж магадгүй. Тиймээс миний асуултанд маань хариулаасай гэж би хүсч байна.

БАХЫТГҮЛ: Би шударга бус, ёс бус зүйлтэй эвлэрэх хүн биш ээ. Тийм учраас би асуулт бүхэнд чинь үнэн хариулна аа.

ТАТАР: Та УИХ-ын гишүүн Д.Муратыг хэзээнээс таньдаг болсон бэ?

БАХЫТГҮЛ: Ер нь 2015 оноос хойш ажил хэргийн шугамаар таньдаг болсон. Энэ жижигхэн газар учраас бие биенээ таньдаг.

ТАТАР: УИХ-ын гишүүн Д.Муратын талаар хэр сайн мэдэх вэ?

БАХЫТГҮЛ: Ер нь бол энэ жижигхэн аймаг орон нутгийн хүмүүс, Д.Мурат гишүүн миний аавтай ажил хэргийн шугамаар холбоотой байсан, орон нутгийн хэмжээнд Эрчим гээд зуухны үйл ажиллагаа хийдэг хувийн компанитай байсан болохоор ажил хэргийн шугамаар танилцсан. Д.Мурат нь миний мэдэхээр их дээд сургууль төгсөөгүй, тэр зуухаараа мөнгөтэй болж, сонгуульд өрсөлдөхдөө өрсөлдөгч А.Тлейхан гишүүнийг ходоодны хорт хавдартай, өнөө маргаашгүй үхэх гээд байгаа гэх мэтээр өрсөлдөж байгаа хүнээ муугаар ярьж орон нутгийн радио зурагтаар жил гаруй муулсан мэдээлэл цацагдсан. Тэгээд өөрөө малгай дотор сая, сая төгрөг хийж 6-р тойрог гэж хөдөө сумын хүмүүст мөнгө тарааж байгаад баригдаж тэр бичлэг нь сонгуулийн хороонд очсон гэх мэтээр олон мэдээллийг нь би мэднэ. Ер нь бол боловсролгүй хүн чинь боловсролгүй л байдаг. Надад явуулж байгаа мессеж, зураг, дарамталж байгаа үйлдэл, миний гэр бүлийг доромжилж байгаа нь УИХ-ын гишүүн битгий хэл зах дээр байдаг архичин хүний ч хийх зүйл биш шүү дээ. Би ийм л бодолтой байна.


ТАТАР: Өмнө нь биеэ авч яваа байдал нь ямархуу байдаг байсан талаар та ер нь мэдэх юм байна. Гэр бүлийнхээ талаар танд юу гэж ярьдаг байсан бэ?

БАХЫТГҮЛ: Гэр бүлийнхээ талаар ер нь ярьдаггүй байсан. Хэдэн жилийн өмнө Хятадын нэг казак нөхөргүй эмэгтэйтэй холбогдож орон нутагт дагуулж ирж тэрэнтэйгээ хамт их хэмжээний зуух оруулж ирж хөдөө суманд олноор нь борлуулж байсан. Тэр эмэгтэйгээ бараг 2-дахь эхнэрээ болгож авах гэж байсан талаар Баян-Өлгий аймгийн ард түмэн ч мэддэг. Д.Мурат чинь надаас бараг 30 насаар ах хүн, өөрийнх нь үеийнх нь хүмүүс бүр сайн мэднэ. Д.Мурат чинь Дэлүүн гээд сумаас гаралтай их ядуу хүн байсан гэсэн.

Зуухны бизнест оруулж дэмжсэн хүн нь тэр Гүлжан гээд хятад эмэгтэй. Тэр эмэгтэй нь Хятадаас нүүгээд Казахстаны Алма-Ата хотод амьдардаг юм билээ. Тэр хүнд өдий хүртэл тэтгэмж төлдөг юм байна. Яагаад гэхээр тэр хүн нь улсдаа маш их хэмжээний өр зээлтэй болонгуут иргэншлийг нь сольж эхнэрээ болгож авна гэж хуурсан. Угаасаа садар самуун явдалтай, хормой султай, эмэгтэй хүнийг доромжилж явдаг. Өөрөө уг нь одоо том болсон хүүхдүүдтэй хүн шүү дээ.

ТАТАР: Та хоёр хэр дотно харилцаатай байсан бэ?

БАХЫТГҮЛ: Би өөрөө Орос, Англи хэлтэй, Хэл шинжлэлийн ухааны дээд боловсролтой. Надтай уулзаж учиръя гэж хоёр жил гаруй надруу мессеж бичдэг байсан. Би хэлдэг байсан. Би нөхөргүй байж болно. Гэхдээ та бол гэр бүлтэй хүн гэж. Энд тэр Эрчим компанийх нь ажилчдын байр гэж улсын санхүүжилтэй барьсан 48 айлын орон сууц баригдсан юм. Би урьдчилгаа 21 сая төгрөгөө төлж, 70 сая төгрөгний үнэтэй 3 өрөө байранд 2015 оны 10 сард 20 жилийн нөхцлөөр хаан банкны ипотекийн зээлд хамрагдаж авсан. Энэ бүх хөрөнгө нь том хүүгийнх нь нэр дээр байдаг. Би мөнгөө хүүгийнх дансаар шилжүүлэх, байрны гэрчилгээ гаргуулах гээд том хүүтэй нь ярилцаж гэрээ хийсэн. Үүнээс хойш л Д.Мурат гишүүн надад: -Хоёулаа явъя. Би чамайг дэмжие гэх мэтээр утсаар ярьж мессеж бичиж дарамталдаг болсон.

ТАТАР: Энэ хугацаанд тэгээд Д.Мурат гишүүн өөрөө л таныг эргүүлээд бас таны мэдэгдсэнээр дарамтлаад байдаг байсан юм уу?

БАХЫТГҮЛ: Байнга гадагшаа дотогшоо явахдаа мессенжерээр хаана хэнтэй юу ууж идэж яваагаа харуулаад хариуд нь би чамайг хармаар байна, зургаа явуулаач, утсаа аваач, камераа өгөөч, чамайг утсаа авахгүй болохоор миний тархи толгой ажиллахгүй байна. Тавин хэдэн насандаа би чамд ингэтлээ дурлачихлаа гэх мэтээр ярьж бичдэг байсан.

ТАТАР: Тэгэхээр Д.Мурат гишүүн одоо эхнэргүй болж таарах нь тийм үү? Тийм болоод л танд хайлж дурлаад тантай сууя гээд байсан юм болов уу?

БАХЫТГҮЛ: Үгүй, эхнэртэй шүү дээ. Хоёр том хүүтэй, бүр ач зээтэй хүн мөртлөө надаар яах гээд байгаа юм. Би энэ хүний ярьж хэлсэнээр явах ёсгүй биздээ?

ТАТАР: Таныг харддаг гэсэн. Хардах ямар шалтгаан байдаг юм бол?

БАХЫТГҮЛ: 2016 оны 3 сард манай аймагт Наурызын баяраар хуучин Боловсролын сайд Л.Гантөмөр гуай ирсэн. Тэгэхэд би Боловсролын тэргүүний ажилтан шагнал авч, сайд Д.Гантөмөр надад тэмдэг зүүж шагнал өгсөн юм. Тэгэхэд хүртэл намайг доромжилж: -Чи наад майга хөлтэй Л.Гантөмөрөөс хүүхэдтэй болоод суугаарай, Л.Гантөмөр чинь чамд хайртай юм байна шдээ... гэх мэтээр дарамтлах наад захын жишээ. Тэр чинь зүгээр л миний ажиллаж байгаа салбарын сайд шүү дээ.

Бас Ардчилсан намын үед байсан, ИТХ-ын дарга, засаг дарга, тамгын газрын дарга нарын бүгдийнх нь нэрийг бичээд надтай холбодог. Чи Улаанбаатараас ирээд яаж ажилтай болсон. Энэ хүмүүс чамтай унтсан уу? Бөгсөө зарж худалдсан уу гэж дарамталж бичдэг. С.Эрдэнэ гуайг орон нутагт АН-ын сунгаанаар ирэхэд бас л ажлын шугамаар уулзахад тэрнийг мэдчихээд Чи наад С.Эрдэнэдээ бөгсөө худалдаж ажилд орох гээд байна уу... гэх мэтээр дарамталж, үргэлж намайг элдвийн хүмүүстэй холбож янхан, банзал гээд хэлж болох муу муухайгаар доромжилдог. Ингэж болохгүй биздээ?

ТАТАР: Танд өөр дэлгээгүй зураг баримт байгаа юу?

БАХЫТГҮЛ: Асуудал улам хурцдаад байвал дэлгэх юм бий. Хаана, ямар хүмүүстэй архи ууж муухай балиар зүйлүүд хийснийг нь нотлох юм байгаа. Гэхдээ эдгээрийг өөр ямар ч аргагүй болж хүчин мөхөстсөн нөхцөлд л хамгийн сүүлийн мөчид нийтэд дэлгэж болно.

ТАТАР: Зах зухаас нь дурдаж болох уу?

БАХЫТГҮЛ: Буудалд гэр бүлтэй эмэгтэйтэй балиар юм хийж байгааг нь нотлох баримт бий. Би бичлэгүүдийг нь одоо дэлгэхээр өөр бусад олон гэр бүлүүд салж сарнихад хүрээд байна. Энийг би өөрт нь ч хэлсэн. Хүүд нь ч хэлсэн. Би яахав нөхөргүй ганц бие эмэгтэй.

Миний өндөр настай аав ээж маань утсаар дарамтлуулсаар олон сарын турш ядаргаанд ортолоо шаналлаа. Энэ хугацаанд Д.Мурат Улаанбаатар хотруу цагдаагийн байгууллагад явуулсан гомдолыг буцааж Баян-Өлгийрүү татаж авчируулаад хугацаа хожиж байна. Мөнгөтэй хүн болохоор хэвлэл мэдээлэл, хуулийн байгууллагуудыг худалдаад авах байх. Гэхдээ би ёс бус зүйлийг нь илчилсэн болохоор шударга үнэн ялах хүртэл эцсээ хүртэл явна. Хотод очиж Хууль Зүйн сайд Ц.Нямдоржтой ч уулзна.


ТАТАР: Танд тийм ёс зүйгүй зургуудаа явуулаад байхаар нь та ингэж болохгүй, ялангуяа төрийн түшээ хүн ёс зүйтэй байх ёстой гэдэг тал дээр нь сануулж, анхааруулж байсан уу?

БАХЫТГҮЛ: Би хэлсэн. Бүр анх туслах нь байсан Атбек гээд залууд нь хүртэл 7-р сарын 09-нд бүр уулзаж хэлсэн. Танай дарга чинь надруу элдэв муухай зургууд явуулаад, намайг хүмүүстэй холбож доромжлоод байх юм. Даргадаа ойлгуулж хэлэхгүй бол би эд нарыг нь хуулийн байгууллагад өгнө... гээд зургуудыг нь харуулсан. Дараа нь бүр тэр Атбек туслахынхаа нүдэн дээр намайг үсдэж зодоод тархи доргиосон. Тэгэхэд туслах нь Д.Мурат гишүүнд: Та ямар ичгүүргүй юм бэ, жирийн иргэн бид ч ингэдэггүй. Та энийгээ боль, зогсоо гэснийх нь төлөө шууд ажлаас нь халсан.

Тэгсэнээ дараа нь бэлэн 60 сая төгрөг авчираад: -Энэ мөнгөөр тархи толгойгоо сайн эмчлүүлээрэй. Би тав зургаан зуун сая төгрөг цацаж УИХ-ын гишүүн болчихоод дөнгөж нэг жил болж байна. Хуулийн байгууллагад өгүүзэй. Чамайг дараа нь хотруу ажил төрөлд оруулж өгөхөд тусална... гэхэд нь би тэр мөнгийг нь аваагүй. Тэгэхэд буцаж гэрт аваачиж мөнгөө үлдээгээд аав ээжрүү утасдаад, би зодуулсан бие өвдөж шаналсан байхад элдвээр гуйж зөндөө их жүжиг тоглож намайг гуйж аргадсан.

ТАТАР: Тэр мөнгийг нь та хэрэглэсэн үү?

БАХЫТГҮЛ: Үгүй. Би хуулийн байгууллагад хүлээлгэж өгнө. Энэ ёс зүйгүй хүнд заавал хуулийн хариуцлага тооцуулна. Би хэдийгээр ганц бие ч гэсэн нэг байгууллагад захирлын удирдах албан тушаал хийж байгаа, байр машинтай. Надад хүнээр туслуулж илүү юманд шунах шаардлага байхгүй. Тэр мөнгө нь надад хэрэггүй.

ТАТАР: Тэр 60 сая төгрөгийг танд өгөхдөө танаас ямар нэг амлалт авсан уу? Бас өөрөө ямар нэгэн зүйл амласан уу?

БАХЫТГҮЛ: Авсан. Би хуулийн байгууллагад хандахгүй. Эцэг эхийн зүгээс ч гомдол гаргахгүй гэж. Тэгэхдээ би одоо ингээд л намайг тайван орхичих гэж өөрт нь хэлээд би тийм амлалт өгсөн. За би орхилоо гэсэн мөртлөө намайг Солонгосруу олон улсын хуралд оролцох гээд 8-р сарын 31-ний өдөр Улаанбаатарт очиход онгоцны буудал дээр Д.Мурат гуай зогсож байсан. Тэгсэнээ л: Би чамайг гаргаж өгье, би ерөөсөө чамайг мартаж чадахгүй нь, намайг ойлго л доо гээд, бүр Солонгост очсоны дараа араас мессенжерээр холбогдоод наана чинь 50, 60 орны хүмүүсийн эрхтэн ямархуу байна, чи тэд нартай секс хийсэн үү, аймгийн засаг дарга А.Гылымхан Солонгост явж байгаа юм байна шдээ чиний араас очсон уу, муу банзал минь, яг одоо ямар буудалд байрлаж байгаан зургаа явуулаатах гэж мессенжерээр орж ирээд дахиад л дарамтлаад эхэлсэн.

Тэгсэнээ миний араас шууд Солонгост хөөж ирээд байрлаж байсан буудалд ирээд: -Би ерөөсөө чамайг л бодоод байна. 16-18 насны Монголын охид хог дээр байгаа. Хүмүүс надаар ажил бүтээлгэхийн төлөө л надад 16-18 настай охидыг бэлэглэдэг. 200.000 төгрөгөнд л Монгол охид алцайгаа дэлгэж хэвтээд нохой шиг шууд нөхцдөг. Чи 40 хүрч яваа хүүхэн мөртлөө намайг ингэж удаан гуйлгадаг хэн юм бэ ер нь гэж дайраад дараа нь уйлаад бас л жүжгээ тоглосон.

ТАТАР: Таны нэр төртэй холбоотой материалыг бас дэлгэнэ гэсэн мэдээлэл яваад байна лээ. Уучлаарай та хоёрын чатанд таны нэр төр унахаар ёс зүйгүй баримт бий юу?

БАХЫТГҮЛ: УИХ-ын гишүүн болсон цагаасаа л дарамталж аархаж надтай хэрүүл хийж эхэлсэн. Анхнаасаа л шууд доромжилж хэрэлддэггүй байсан. Зүгээр бичихэд нь зүгээр хариу бичээд, доромжлоод байхад нь адилхан харьцдаг байсан. Гэхдээ нэр төр унахаар ноцтой зүйл байхгүй болохоор би айхгүй. Олон улсын хуралд явж байхад зургаа явуулаатхаач гээд байхад хуралд оролцож байгаа зургаа л явуулж байсан.

Өчигдөр миний фейсбүүкийг хакердаж нэвтэрсэн байна лээ. Гэнэт надад Монгол улс Налайх хотоос таны фейсбүүк-д 11 цаг 23 минутанд нэвтэрсэн байна... гэсэн мэдээлэл ирсэн. Миний фейсбүүк-д нэвтэрч хувийн нууцад халдаж хулгайлсан нь тодорхой. Бас миний өмгөөлөгчийн гэрт нь удаа дараа очиж 50 сая дахиад 100 сая төгрөг өгье... тэр эрхтний зураг эвлүүлэг, би нэр төрд нь халдсандаа уучлал гуйж байна гээд хэлүүлээд өгчих гээд л яваад байгаа.

ТАТАР: Та эсрэгээрээ эдгээр материалыг цацна гэх мэтээр шантааж хийж, дарамталсан удаа бий юу?

БАХЫТГҮЛ: Үгүй. Бүр хүүхдүүд нь надруу :-Миний аавын нэр төрийг унагаалгүй мөнгөө аваад зайл гэж бичээд байгаа. Бүр хууль хяналтын байгууллагынханд хүртэл авилга өгчихсөн гэдгээ Мурат өөрөө надад хэлсэн. Тамир хурандаад 10 сая төгрөг өгчихлөө. Энэ хэргийг хаана гэсэн. Одоо чи надаас юу ч олж долоож чадахгүй гэж басамжилсан.

ТАТАР: Тамир гэж хаанахын ямар хурандаа юм бол? Тэрнийг нь мэдсэн үү?

БАХЫТГҮЛ: Улаанбаатар хотод Цагдаагийн Ерөнхий Газарын Мөрдөн байцаах албанд л ажилладаг юм шиг байна лээ. Тэр хүнийг би авилгатай тэмцэх газар шалгуулна.

ТАТАР: Д.Мурат гишүүн энэ үйлдэлээ мөнгөний хүчээр дарах гээд яваад байгаа юм байна гэж ойлгож болох уу?

БАХЫТГҮЛ: Тэгээд л яваад байгаа. Хэд хэдэн сэтгүүлчид Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн албанд очсон байна лээ. Танай дээр Д.Мурат гишүүнтэй холбоотой гомдол ирсэн үү, гишүүний нэр төрд халдах гээд байгаа юм шиг байна лээ гээд урьдчилаад сэтгүүлчид явуулсан байна лээ.


ТАТАР: Тань руу бичсэн чат нь Казакаар бичсэн байна лээ. Орчуулж хэлж өгч болох уу?

БАХЫТГҮЛ: Хоёр жилийн хугацаанд надруу явуулсан чатууд, WeChat-аар гадаадаас явуулсан элдвийн юмнуудыг нь бүгдийг нь орчуулгын товчоогоор албан ёсоор орчуулуулаад тамгалуулж, бүх зургийг нь өнгөтөөр хэвлээд Улаанбаатах хотод Түвшинбаяр гэдэг хүнд хүлээлгэж өгсөн байгаа. Одоо хэрэг энд шилжиж ирсэн учраас энд шалгаж байгаа хүнд ч бас өгнө.

ТАТАР: Хэрэв таны ярьж байгаа зүйл нотлогдвол энэ хүн төрийн толгойд битгий хэл төрд ойр ч байж болохооргүй ёс зүйгүй хүн болж таарах нь дээ.

БАХЫТГҮЛ: Би жирийн төрийн албан хаагч хүн. Юунд итгэж байна гэхээр надад байгаа бодит баримтууд дээр л би итгэж байгаа. Хэрвээ Монголын нийгмийн бузар асуудлуудыг цэвэрлэе гэвэл энэнд ноцтой хандах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гуайд 10-р сарын 13-нд өгсөн гомдолын хариу одоо болтол байхгүй. Утсаар зөндөө ярьсан. Өргөдлийн хорооны 5 гишүүн судалж байгаа л гэдэг. Судалж байгаагаа бичгээр өгчихөөч гэхээр энэ гишүүний нэр төрд халдсан болно гээд л хойшлуулсаар байгаа. Тэгэхээр нь УИХ-ын дарга М.Энхболд гуайд 12-р сарын 26-нд энэ асуудал дээр анхаараач гэсэн бичиг шуудангаар явуулсан. Ардчилсан намын даргатай нь би биеэрээ уулзсан. Намайг, энэ асуудлыг бүгд мэдэж л байгаа уг нь.

 

ТАТАР: Уучлаарай хэтэрхий хувийн зүйл асууж байгаад. Та ер нь өдийг хүртэл ганц бие байсан юм уу?

БАХЫТГҮЛ: Нөхөр маань 4 жилийн өмнө нас барсан. Одоо Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүтэйгээ амьдардаг.

ТАТАР: Д.Мурат гишүүн та хоёрын хамт авахуулсан зураг байдаг уу?

БАХЫТГҮЛ: Байхгүй. Ерөөсөө тийм зүйл байхгүй.

ТАТАР: Одоо танд өөр ямар дарамт ирж байна?

БАХЫТГҮЛ: Энэ асуудал үүссэнээс хойш надруу танихгүй дугаараас дөрөв таван удаа эмэгтэй хүн залгасан. Д.Муратаас хэдэн цаас аваад зайлаарай. Би хоёр жил Мураттай явж байгаа. Хамт гадаад явдаг. Чи бол хүүхэдтэй авгай гэх мэтээр удаа дараа дарамтлуулж байна. Бүр Казахстанаас хүртэл яриулаад байгаа. Ер нь Д.Мурат гэдэг хүн ганц надруу биш зөндөө олон эмэгтэй хүнрүү эрхтнийхээ зургийг явуулдаг байх.


ТАТАР: Та энэ асуудлыг нийтэд дэлгэчихлээ. Одоо яг юу хүсч байна? Цаашдаа яах бодолтой байна?

БАХЫТГҮЛ: Би Д.Мурат шиг хөрөнгө мөнгө, эрх мэдлээр хэвлэл, хуулийнхнийг худалдаж чадахгүй. Баримтууд надад байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, М.Энхболд, АН-ын даргатай бас уулзна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүх байгууллагад хандана. Бодит байдал ийм байна. Д.Мурат шиг хүмүүсийг төрөөс зайлуулж, төрийг цэвэрлэх хэрэгтэй. Хууль нь яаж ч чадахгүй байгаагаас болж эд нараас буруу үлгэр жишээ аваад эмэгтэйчүүдийг зүгээр л доромжилдог боллоо. Нөгөө бандааш нэр авсан Д.Гантулга яасан? Одоо тэрнийг ч гэсэн яагаа ч үгүй ажлыг нь хийлгээд байгаа юм биш үү.

ТАТАР: Та эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнтэй тэмцэж байна. Айж байна уу?

БАХЫТГҮЛ: Намайг алсан ч миний ойр дотны хүмүүст би Д.Мураттай холбоотой бичлэгүүдийг үлдэхээр давхар хадгалуулсан.

ТАТАР: Таны албан томилгоо буюу ямар нэгэн албан тушаал ахих дэвших асуудалд Д.Мурат гишүүн эрх мэдлийнхээ хүрээнд дэмжиж тусалж байсан уу?

БАХЫТГҮЛ: Үгүй. Би 20 жил эрдмийн салбарт багшилсан, сурган хүмүүжүүлэгч хүн. Би 4 хэлээр чөлөөтэй ярьдаг. Миний гаргасан орчуулсан номнууд байгаа. Оролцож байсан олон улсын бүх хурал чуулганд өөрийнхөө хүчээр л шалгарч оролцдог, өөрийнхөөрөө хөдөлмөрлөж яваа жирийн нэг эмэгтэй. Ийм байж боловсролгүй, зүгээр нэг эрх мэдэлтэй ёс зүйгүй хүнд доромжлуулж чадахгүй. Өөрөө л намайг Улаанбаатарч аваачаад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой уулзуулж ажилд оруулж өгнө. Казак хүүхнүүд ямар байдгийг чамаар харуулуулна гэдэг. Би Улаанбаатар хотод олон жил багшилсан. Надтай хамт ажиллаж байсан хамт олон намайг мэднэ. Би ямар ч газар очоод анкет бөглөхөд мэргэжлээрээ ажиллах туршлага, чадвартай болохоор хүнээр туслуулах шаардлага байхгүй.

ТАТАР: Тэгвэл та Д.Мурат гишүүн өөр бусад хүнд эрх мэдлээ ашиглан тусалж ажлыг нь бүтээж өгч байсныг нь мэдэх бол энгийн нэг жишээ дурдаж болох уу?

БАХЫТГҮЛ: Энгийн жишээ гэхлээр... УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржыг Казахстан хотруу 6 сард Экспод дагуулж очсон. Б.Пүрэвдорж гишүүн өөрөө хоёр найзаа дагуулж явсан. Тэндээ Казак хүүхнүүдийг мөнгөөр худалдан авч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон нөгөө хоёр найзд нь гурвууланд нь бэлэглэсэн. Хариуд нь Баян-Өлгий аймагт нэг барилгын гавъяат төрсөн. Тэр гавъяатын материалыг Пүрэвдорж нь Ерөнхийлөгчид өгч гарын үсэг зуруулсан. Энийгээ Д.Мурат өөрөө надад ярьсан. Иймэрхүү юмыг зөндөө ярьдаг.

ТАТАР: Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

БАХЫТГҮЛ: Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа.

ЯРИЛЦСАН: ТАТАР

 

Эх сурвалж: Tatarnews.mn

http://tatarnews.mn/gb

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол