С.Гансэлэм: Говь-Алтай аймагт гурван том бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
Говь-Алтай аймагт хийгдэх бүтээн байгуулалт, аймаг орон нутгаа хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй ярилцлаа.
-Өнгөрсөн зуны хувьд Монгол Улсын нийт нутгаар гандуу байснаас зарим аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Говь-Алтай аймгийн хувьд өвөлжилтийн байдал хэр байна вэ?
- Говь-Алтайд өвөлжилт нэлээд хүнд байна. Тал нутгаараар 10-15 см цастай, гуу жалгандаа 20-30 см цастай байна. Халиун, Төгрөг, Дарви, Шарга, Дэлгэр зэрэг сумдууд зудын байдалд шилээд байна. Аймгийн хэмжээнд 3.8 сая толгой мал тоолуулсан, үүнээс одоогоор 20 мянга 500 орчим мал хорогдлоо. Өнгөрсөн зуны хувьд Алтайн нийт нутгийн 8 хувь зунтай, 40 хувь гандуу, 5 0 хувь гантай байсан нь зудын байдалд шилжих нөхцөл бүрдээд байна. Аймгаас сумдуудад өвс хуваарилах, тусламж үзүүүлэх ажлууд хийж байна.
-Ирэх жилүүдэд Алтайд ямар, ямар бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ямар, ямар ажлууд тусгагдсан бэ?
-Аймгийн хэмжээнд гурван том бүтээн байгуулалт хийхээр төсөв нь батлагдсан. Бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх хавраас эхлүүлнэ. Дулааны цахилгаан станц барих, Завхан голоос 52 км усны шугам татаж Алтай нутгийн иргэдийн цэвэр усаар хангах, Байдрагийн гүүрээс Говь-Алтайн Дэлгэр сум хүртэлх 126.7 км замыг засмал болгох гэсэн гурван томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж, төсөв нь шийдэгдсэн.
Цэвэр усны шугам 14 сая еврогийн санхүүжилттэй Австрийн хөрөнгө оруулалтаар энэ хавар эхэлнэ.
Солонгосын Экзим банкны хөрөнгө оруулалтаар 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар болсон. Үүний нэгийг нь Говь-Алтайд барина. Саяхан Солонгосоос ажлын хэсэг ирээд ТЭЗҮ-г нь хийгээд, танилцаад явсан.
Түүнчлэн 2018 оныг хүнд сурталгүй сахилга хариуцлагын жил болгон зарлаад байна. Улсын төсвөөс 14 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан. Үүнийг цэцэрлэг сургуулийн бүтээн байгуулалтад зарцуулна. Тухайлбал, Чандмань суманд сургууль, сурагчдын дотуур байр барина. Эрдэнэ суманд цэцэрлэг, Тамгын газрын байр, Халиунд эмнэлэг барихаар тус тус төлөвлөж байна.
Мөн царцаад олон жил болсон төрийн өмчийн барилгуулдыг 2017 онд бүгдийг нь төсөв мөнгийг шийдсэн. Гэр бүл хүүхэд залуучуудын ордон, Онцгой байдлын газрын барилга, 50 ортой төрөх эмнэлэг, Анагаахын их сургуулийн хичээлийн байрны барилгыг энэ ондоо багтааж дуусгана.
2018 он томоохон бүтээн байгуулалтын жил байх болно гэж харж байгаа.
-Говь-Алтай аймгийн иргэдийг цэвэр усаар бүрэн хангана гэж байна. Энэ талаар?
-Тайшир сумын Завхан голоос Говь-Алтай аймаг руу цэвэр усны шугам татна. Одоогоор цэвэр усны үйлдвэр ажиллаж байгаа ч аймгийн хэрэглэгчдийг цэвэр усаар 100 хувь хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс бүх айл крантаасаа цэвэр усаа авдаг шугамыг холбож өгнө. Энэ бол маш том бүтээн байгуулалт болно гэж харж байгаа. Ингэснээр ус шаардлагатай үйлдвэрүүд даган хөгжих юм.
-Байдрагийн гүүрээс Дэлгэр сум хүртэлх 126.7 км замыг засмал болгоно гэж байна. Хэдий хэр хугацаанд засмалтай болно гэж төлөвлөж байгаа вэ. Томоохон бүтээн байгуулалтуудын төсвийг хэрхэн шийдэв?
-Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүн маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан. Засмал замын төсөв гэхэд шийдэгдсэн. Өнгөрсөн намар замын ажлын нээлтийг хийсэн ч шүүхийн зарим маргаанаас болоод түр зогссон байсан. Шүүхийн маргаан шийдэгдсэн тул ирэх хавраас ажлаа эхлүүлнэ. Санхүүжилт зогсохгүй, өөр ямар нэг саад гарахгүй бол ойрын хоёр, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж тооцоолж байна.
-Үндэсний үйлдвэр байгуулах, дэмжих чиглэлд хэрхэн ажиллах вэ?
-Эрдэнэ, Дэлгэр суманд сүүний үйлдвэрийн байр барьсан. Японы хөрөнгө оруулалттай тул одоогоор төхөөрөмжийг хүлэж байна. Аймагтаа махны чиглэлийн гурван үйлдвэртэй болсон. Саяхан гэхэд ХХАХҮЯ-ний төслийн дэмжлэгтэйгээр “Алтайн сүрлэг нуруу” гэдэг махны үйлдвэр ашиглалтад орлоо. 400 бог, 200 бод нядлах хүчин чадалтай махны үйлдвэр ашиглалтад орсон. Малчдын малыг газар дээрээс нь худалдан аваад боловсруулж байна. Энэ нь цас зудтай байгаа аймагт малчдад чиглэсэн , малаа зарж борлуулахад нь тус дэмтэй, үр өгөөжтэй үйлдвэр гэж харж байна.
Түүнчлэн Чандмань суманд Туркийн 100 хувь хөрөнгө оруулалттай сум дундын махын үйлдвэр, Бугат суманд бас махны үйлдвэр ашиглалтад орох гэж байна.
Мөн Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүн цагаан сараас өмнө өөрийнхөө хөрөнгөөр аймагтаа үйлдвэр байгуулах зорилттой байгаа. Эхний үйлдвэр арьс шир боловсруулах үйлдвэр юм. Мах, арьс шир боловсруулах зэрэг үндэсний үйлдвэрүүдтэй болсноор нутгийн иргэд малын махаа, арьс ширээ үндэсний үйлдвэртээ борлуулах боломж, ажлын байр ч нэмэгдэж байна.