📅

Цоохор ирвэс биднээс тусламж хүсч байна

🕔 2018/03/01 12:54

Цоохор ирвэс биднээс тусламж хүсч байна

 

Цоохор ирвэс цөөрсөөр. Тэдийн тоо толгой сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрчээ. Байгальд ердөө 4000 тоо толгой үлдээд байгаа сүрлэг сайхан энэ амьтан удахгүй устах аюулд ойрхон байна.

Яагаад цоохор ирвэс гэж?
Цоохор ирвэс нь Төв Азийн өндөр уулсын билэг тэмдэг юм. Энэ гайхамшигт бүс нутаг олон арван сая хүнийг ундаалж, байгалийн олон янзын зүй тогтолыг өөртөө агуулж байдаг өвөрмөц нутаг билээ. Иймээс бид “Уулын эзэн” цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалж чадна.
Аюул, занал
Сүүлийн 16 жилийн дотор амьдрах орчны доройтол, хулгайн ан, улам бүр нэмэгдэж буй нутгийн иргэд ба ирвэс хоорондын зөрчил энэ зүйл амьтны устаж буй шалтгааны нэг юм. Мөн уур амьсгалын өөрчлөлт тэдний гэр болсон уулсыг ирээдүйд илүү их эрсдэлд оруулж болзошгүй байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС) эдгээр аюул заналыг бууруулахын төлөө ажиллаж байгаа бөгөөд таны тусламжтайгаар дорвитой өөрчлөлт хийж чадна.
Хулгайн ан: Үзэмжит сайхан арьсных нь төлөө ирвэсийг агнасаар ирсэн төдийгүй яс болон биеийн бусад хэсгийг дорно дахины эмчилгээнд ашигласаар байна. Үүний улмаас ирвэсийн эд эрхтэний хууль бус худалдаа өсөх хандлагатай байгаа юм.
Нутгийн иргэдтэй зөрчилдөх: Малд нь халдсаны улмаас малчид зарим тохиолдолд хариугаа авах зорилгоор ирвэсийг агнадаг. Байгаль дахь идэш тэжээлийн хомсдолоос улбаалан ирвэс малд илүүтэй дайрах болсон нь малчин болон ирвэс хоорондын зөрчлийг улам нэмэгдүүлж байна.
Амьдрах орчны хомсдол: Ирвэс өсч үржихэд өргөн уудам нутаг дэвсгэр хэрэгтэй. Гэвч улам бүр өргөжин тэлж буй хүн ам, малын тоо толгой тэдний амьдрах орчныг эрчимтэй эзлэн түрэмгийлсээр байна. Шинэ зам, уул уурхай тэдний үлдсэн нутгийг хэсэгчлэн хувааж байна.
Уур амьсгалын өөрчлөлт: Энэ бүх аюул занал уулын эмзэг байгальд үзүүлж буй уур амьсгалын нөлөөг нэмэгдүүлж, ирвэсийн ирээдүйг илүү том эрсдэлд оруулж байна. Түүнчлэн энэ байдал нь нутгийн иргэд болон энэхүү бүс нутгийн усны гол хагалбарын адагт оршин суугаа олон арван сая хүмүүсийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болно.
ДБХС эдгээр аюул заналыг бууруулахаар ажиллаж байгаа ч таны тусламж, дэмжлэггүйгээр амжилтад хүрч чадахгүй.
Хэрэгжүүлж буй арга хэмжээ
ДБХС шинжлэх ухааны судалгааг дэмжих, нутгийн иргэдийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх, хууль бус агнууртай тэмцэх замаар цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн билээ. Гэвч энэ хугацаанд цоохор ирвэсийн тоо толгой нэмэгдэхгүй байгаа нь биднийг үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд хүргэж байна. Устах аюулд өртсөн энэ амьтныг бид таны тусламжтайгаар мөхлийн ирмэгээс буцаан авчирч чадна.
Ирвэсний нуугдмал ертөнц, Төв Азийн өндөр уулсын бартаа нь энэ зүйл амьтаныг судлах ажлыг нарийн төвөгтэй болгодог. ДБХС автомат камер байршуулах, сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүх ажлыг санхүүжүүлсээр байгаа ч бидэнд илүү их мэдээлэл хэрэгтэй байна. Ердөө 5 ам.долларын хандив дохиолол бүхий хүзүүвчтэй ирвэсээс ирэх нэг өдрийн сансарын мэдээлэлийн төлбөрийг барагдуулж, ирвэс судлаачдыг үнэлэж баршгүй мэдээлэлтэй болгож чадна.
Тухайн зүйлийг хамгаалах ажилд нутгийн иргэдийг оролцуулах нь хамгийн чухал. 10 ам.доллар хандивласанаар нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах байгууллагын гишүүний нэг бүтэн өдөр эргүүл хийх зардал буюу амьтадын тоо толгойг хянах, тавьсан хавхыг илрүүлж аюулгүй болгох, хулгайн анчдад хараа хяналт тавих ажлыг санхүүжүүлж чадна.
Ирвэсний хууль бус худалдаа өсөн нэмэгдэхийн хэрээр ДБХС хууль бус агнуур, худалдааны эсрэг үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж байна. 25 ам.доллар хандивласнаар ирвэс хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд явдаг хатан зоригт байгаль хамгаалалагчийг хувцаслаж, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж чадна.
Ирвэс хамгаалах амин чухал үйлсэд санхүүжилт яаралтай хэрэгтэй байна. Хандивын 50 ам.доллараар Балба улсад нутгийн иргэдийн оролцоотой эргүүл хийх ажилд зориулан богино долгионы хос станц авсан шиг таны өргөсөн хандив нэг бүр өөрчлөлт авчирч чадна. Энэхүү ажлыг дэмжин доорх линкээр орж Ирвэсийн тусламж хүссэн дуудлагад хэрхэн хариу өгч чадахыг хараарай.

Цоохор ирвэсийг хамгаалахад туслая
Цоохор ирвэс бол нууцлагдмал амьдралтай амьтан бөгөөд зөвхөн нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж энэ амьтныг хамгаалж чадна. Тиймээс ДБХС энэхүү үнэ цэнэтэй амьтны ирээдүй болон түүний оршин амьдрах хосгүй орчинг хадгалан хамгаалахад туслах томоохон санаачлагыг дэлхий даяар гарган Засгийн газрууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Цоохор ирвэсийн орон гэр болсон уулс нь устах аюулд өртөөд буй өөр олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин юм. Уулс нь нутгийн иргэдийг хоол хүнс, түлээ түлш, эм тангийн чухал нөөцөөр хангахаас гадна олон арван сая хүний ундны усны эх үүсвэр болдог.
Тиймээс цоохор ирвэсийн нутаг дэвсгэрийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа нь өндөр уулсын экосистемийг хамгаалахын зэрэгцээ тэнд амьдарч буй хүн болон байгалийг давхар хамгаалж байна гэсэн үг.
Өмнө нь байгаагүй тийм их хүчин чармайлт гаргаж байж л бид цоохор ирвэсийг хамгаалан үлдэж чадна. Ийм шалтгаанаар ДБХС хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, нутгийн иргэдтэй үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд энэ чиглэлээр олон ажил хийж байна.
Таны тусламжтайгаар “Уулын эзэн” гэгддэг цоохор ирвэс Азийн гайхамшигт уулсаас хамааралтай амьдарч буй хүн ам, амьтан, ургамалтай харилцан шүтэлцэж амьдрах боломжийг бий болгож чадна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол