Монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрчээ
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд "Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран өнгөрсөн сард Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Хээрийн судалгааны нөхцлөөс үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан байв. Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газар нь жилийн дөрвөн улиралд бөхөн олон тоогоор байнга байршдаг газар юм. Өмнөх жилүүдэд энд дор хаяж 10 сүргийн 100-300 толгой бөхөн таардаг байсан бол энэ удаа ердөө нэг сүргийн 7 бөхөн таарсан нь энэ ховор амьтан эрс цөөрсний нотолгоо болсныг бөхөн хамгаалагчид ярьж байв.
"Бөхөн хамгаалах сүлжээ баг”-ийн ахлагч Б.Батсайхан "Энэ жил маш гандуу зун болсон, мал, амьтан идэх өвсгүй тул малчид отор, нүүдэл хийж байгаа. Бөхөнгийн байршил хэт сарнисан, мөн өвчний улмаас маш цөөхөн үлдсэн нь энэ өвөл бөхөнд эрсдэл их болохыг харуулж байна” гэлээ.
Зун нь бороо хур орохгүй бэлчээр гарахгүй байсаар намар, өвөлтэй золгон анхны цаснаар шахуу зудын байдалд шилжих нөхцөл үүсээд байгааг дээрх дүр зургаас харж болно. Байгаль цаг уурын таагүй нөхцөл, халдварт өвчний дэгдэлт, хууль бус агнуур нь монгол бөхөнгийн тоо толгойг бууруулж байсан баримтууд бий. Тухайлбал, 2001 оны зун гантай байж, улмаар 2002 оны өвөл тохиосон зуднаар Монгол бөхөнгийн тоо толгой 750 болтлоо буурч байсан гашуун түүх бий.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2017 оны гуравдугаар сарын байдлаар 5000 орчим бөхөн үлдэж хоцроод байна. Үүнээс хойш өвчний тархалт буурч, зогссон боловч Монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд бэлчээр сэргэн ургахгүй байсаар ган гачигийн байдалтай энэ зун, намрыг үджээ. Энэ нь 2002 оны зуд дахин давтагдах нөхцөл үүссэн хэмээн бөхөн хамгаалагч нар мэдээлж байна.
Тэгвэл ган, зудын эрсдэлийг бууруулах оновчтой арга нь одоогоор нүүдлийн замыг нь чөлөөтэй байлгах, бөхөнгийн амьдрах орчинд ургаж буй өвс, ургамлыг хангалттай хэмжээгээр нөөцлөх ажил багтана. Иймээс тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах талаар бүхий л талууд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад