Иргэд монгол бөхөн хамгааллын ажлыг дэмжиж байна
Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн зун бороо багатай байснаас шалтгаалж өвс муу ургасан билээ. Сүүлийн өдрүүдэд нутгийн баруун хэсэгт орших Алтай Соёны бүс нутагт цас их орсон нь байдлыг улам хүндрүүлж өвсөн тэжээлт зэрлэг амьтад идэш тэжээлийн дутагдалд ороод байгаа юм. Түүнчлэн бэлчээрийн хомсдолоос шалтгаалж хүн, бөхөн хоёрын зөрчил нэмэгдэх магадлалтай болсон тул Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Эхлээд бөхөнгийн тусгаар популяци байршдаг Шарга-Манханы байгалийн нөөц газарт өвс тавьсан бол дараа нь Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай хамтран Шаргын говьд зэрлэг амьтдад зориулж өвс, хужир, тэжээл тавьсан юм. Цас их орж байгаа тул биотехникийн арга хэмжээг шаардлагатай газруудад үргэлжлүүлэн хийнэ.
Түүнчлэн монгол бөхөнгийн үнэ цэнийг нутгийн иргэдэд сурталчилах, хүн бөхөн хоорондын зөрчлийг бууруулах зорилготой явуулын кампанит ажлыг өнгөрсөн өдрүүдэд хийжээ. “Дэлхийд ганцхан Монгол бөхөнд тусалъя” явуулын сурталчилгаанд мэдээлэл түгээх багийнхан дөрвөн хэсэгт хуваагдаж монгол бөхөн бүхий нутгийн иргэдэд ухуулах сурталчилгаа хийлээ. Зохион байгуулагчдын ярьснаар тэд 4100 гаруй км явж 600 гаруй өрх айлаар орж өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, монгол бөхөнгийн үнэ цэнийг сурталчилсан хуанли, сонин тараасан байна. Малчид бэлчээрийн асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд монгол бөхөн хамгаалах чиглэлээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хийж буй ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14.000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлчээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2017 оны гуравдугаар сарын тооллогоор 5000 орчим монгол бөхөн үлдээд байгаа юм.
Б.Март