📅

Занданшуулсан “Алтайн гүнж”-ийн тайлагдашгүй нууцууд

🕔 2017/06/16 14:13

 

Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц "Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэй батладаг. "Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм. Укок нь Монголын хилийн ойролцоох Оросын нутаг.

Биедээ шивээстэй занданшуулсан шарил гэдгээр "Алтайн гүнж” алдартай бөгөөд түүний хоёр гар бүхэлдээ нууцлаг "зураг”-тай. Хүн төрөлхтний нууцын нууц "гүнж”-ийн тэрхүү шивээст оршин буй. Оросын эрдэмтэд бүсгүйг 2500 жилийн өмнө нас барсан гэдгийг тогтоосон ч үхлийн шалтгааныг одоо хүртэл тогтоож чадахгүй байна. Тэд өнгөрөгч оны зургадугаар сард "гүнж”-ийг MRI аппаратаар судалжээ. Энэ нь түүнийг Орост MRI аппаратаар судалсан анхны тохиолдол болсон юм.

Мэргэжилтнүүд соронзон хэлбэлзлээр авсан зурагнуудыг үргэлжлүүлэн судалсаар байна. Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын МRI төвийн тэргүүн Андрей Летягин энэ оны 5-6 дугаар сард дээрх судалгааны эцсийн дүнг албан ёсоор танилцуулахаа амлав. Гэхдээ "гүнж”-ийн үхлийн шалтгаан тодорхойгүй. Учир нь түүний дотор эрхтэн болон тархи байхгүй гэж А.Летягин мэдээлэв.

Шинжилгээгээр 25 настай эмэгтэйн шарилд үхэлд хүргэх ноцтой гэмтэл, шарх байхгүйгээс гадна түүний гавал болон араг яснууд бүрэн байв. Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын "Эртний судлал, угсаатны зүйн хүрээлэн”-гийн орлогч захирал Вячеслав Молодин "Бүсгүйн шивээсийн нууцыг хүн төрөлхтний шинээр нэвтрүүлсэн технологийн тусламжтайгаар хожмын нэг өдөр тайлах нь гарцаагүй” гэж "Риа Новости” агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Гүнж”-ийн үхлийн шалтгаан, шивээсээс гадна нь "Пазырыкской” угсаатны түүхийг өөрчлөх хүчтэй болох нь улам бүр батлагдаж буй "гүнж” Оросын урдаа барьдаг эрдэмтдийн сонирхлыг туйлын ихээр татаж байна.

"Пазырыкской” нь МЭӨ V-III зууны үед эртний хүмүүсийн нутаглаж байсан Алтайн нурууны нэгэн хөндийн нэр аж. "Пазырыкской”-чуудын булш өнөөгийн археологийн түүхэн дэх хамгийн чухал нээлт болсон юм. "Гүнж” ангийн арьсан дээлэрхүү хувцас өмссөн байснаас гадна түүнийг оршуулсан газар доорхи агуйгаас эмээлтэй зургаан морь олджээ. Эмэгтэйн олдворыг нарийвчлан судлах нь эртний алтайчуудын омгийн аж байдлыг танин мэдэхэд томоохон түлхэц болно. Түүнчлэн эмэгтэй улаан өнгөтэй бүс зүүсэн байжээ. Ийм бүс "Пазырыкской”-чуудын дайчны бэлгэ тэмдэг болдог байсныг тогтоогоод буй. Оросын эрдэмтдийн баталснаар "гүнж” ази гэхээсээ илүү европжуу төрхтэй, 170 см өндөр. Түүнд хийсэн ДНК-гийн шинжилгээгээр "RIA” цусны бүлэг буюу "Ари” угсаатан байжээ. Олон улсын эрдэмтдийн дүгнэснээр "RIA” цусны бүлгийн 70 хувь нь славян үндэстнүүд байдаг.

Алтайн Бүгд найрамдах улсын уугуул оршин суугчид уг занданшуулсан шарилыг өөрсдийнхөө дээд өвөг, түүний гар дээрх шивээс хүн төрөлхтний мэдвэл зохих чухал мэдээлэл хадгалж буй гэдэгт эргэлздэггүй. Харамсалтай нь шивээсийн нууцыг энэ цаг үед тайлж унших боломжгүй. Алтайн хязгаар нутгийнхан бүсгүйг муу ёрын сүнснүүдээс эх дэлхийг хамгаалахын тулд амиа егүүтгэсэн эмэгтэй удган байсан гэж үздэг.

Алтайн засаг захиргаа нутгийн иргэдийн томоохон эсэргүүцэлтэй өнөө ч тулгарч байгаа аж. Нутгийн иргэд "Гүнж”-ийн шарилыг оролдох нь бурхдыг хилэгнүүлсэн үйлдэл гэв. Түүнээс гадна шарилыг олсны дараа удалгүй тус бүс нутагт газар хөдөлжээ. Орон нутгийнхан байгалийн гамшиг дахин болохоос сэргийлж шарилыг хуучин байсан газарт нь тавихыг засаг захиргаа-наасаа шаарджээ. Шарилыг агуйгаас гаргасны дараа тус бүс нутагт хуй салхи, ой хээрийн түймэр дэгдэх нь харьцангуй ихэссэн байна.

Энэ бүгдийн учрыг тайлах бүсгүйн бүхэлдээ шивээстэй хоёр гарын зөвхөн зүүн талынх нь шивээс илүү тод, сайн хадгалагдан үлджээ. Түүний зүүн гар дээр домгийн нэгэн амьтныг дүрсэлжээ. Уг амьтныг сайтар судалснаар шувуу шиг хурц, бахим хошуутай, эвэртэй буга болохыг тогтоов. Энэ амьтан хоёр толгойтой бөгөөд хоёр дахь толгой нь түүний ар зоо хэсэгт байгаагаар дүрслэгджээ. Хоёр дахь толгой, хөл нь яг л хониных шиг харин сүүл нь нэлээд урт.

Зарим эрдэмтний таамагласнаар махчин болон туурайт амьтныг хамтатгасан нь доод ертөнцийн араатан, дунд ертөнцийн бэлгэ тэмдэг өвсөн тэжээлтний хоорондын тэмцлийг харуулсан утгатай. Энэ нь өнөөгийн оюун ухаант хүмүүсийн итгэдэг там, диваажингийн талаар эртний хүмүүс ч төсөөлдөг байсныг батлах боломжтойд хамаг нууц оршино. Түүнээс гадна эртний алтайчуудын шүтээн аргаль болон ирвэс гэсэн хоёр амьтан байсныг ч батлах юм. Алтайн хязгаарын нэгэн домогт өгүүлснээр ирвэс тус улсын иргэдийг Шамбалын оронд хүрэх Беловодье (мөнхийн рашаан)-г хамгаалдаг.

Энэ домгоос улбаалаад ч тэр үү алтайчууд ирвэсийг ариун амьтан гэж үздэг бөгөөд хэзээ ч агнадаггүй. "Гүнж”-ийг одоо Новосибирск хотын Эртний судлал, угсаатны зүйн музейд хадгалж буй. Тус улсьш засаг захиргаа болон олон нийт "Гүнж”-ээ төрөлх нутагтаа буцааж авчрах ёстой гэж үзсэн тул нутагт нь авчирчээ. Алтайн эрдэмтэд хосгүй бүтээлийг хадгалах шаардлага хангахуйц тоног төхөөрөмж байхгүйн улмаас үнэт олдворыг "нутаг”-аасаа гаргаад байсан юм.

2009 онд "Газпром” Горно-Алтайск хотын Анохины нэрэмжит Үндэсний музейд "гүнж”-ийг сэргээн засварлахад 250 сая рубль зарцуулсан байна. Алтайн засаг захиргаа 2012 онд Новосибирскийн музейн олон танхимын нэгд "гүнж”-ийн олдсон агуйг байгуулахаар төлөвлөжээ. Тэгэхдээ "гүнж”-ийн бунхныг газар дор байгуулах гэнэ. Ингэснээр зочид "гүнж”-ийг олдсон агуйнх нь хамт үзэх боломжтой. Газар доорхи бунхан агуйг шилээр байгуулах юм байна.

Эх сурвалж:http://aurillac.blog.banjig.net/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол