Чандмань сум махны үйлдвэртэй болно
Говь-Алтай аймгийн Чандмань сумд Турк улсын буцалтгүй тусламжаар махны үйлдвэр барихаар болжээ.
Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Монгол орны баруун өмнөд хязгаар нутаг болох Чандмань сумд Туркийн 100 хувийн буцалтгүй тусламжийн төслөөр жишиг дунд оврын махны үйлдвэр барихаар болсон байна.
Тус үйлдвэр энэ онд баригдаж дуусах бөгөөд Туркийн “ТIKA” төслийн дэд координатор Өмир Гүндогу, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг нар болон албаны бусад хүмүүс газар дээр нь очиж танилцсан байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор хөдөөд нэлээн хэдэн ажлын байр нэмэгдэхээс гадна, орон нутгийн төсөвт ч тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэд баталгаатай хүнсээр хангагдах, ойр зэргэлдээ сумын малчид малаа зардал чирэгдэл багатай өндөр үнээр борлуулах боломж бүрдэх ажээ.
Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 50 бод, 200-300 орчим бог нядлах ба гүн хөлдөөх хүчин чадалтай зоорьтой байх юм байна