ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, “ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ЫН ГОВЬ-АЛТАЙ ОНХХ”-тэй ХАМТРАН ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүнс, хөдөө аж ахуйн газар Дэлхийн зөн ОУБ-ын Говь-Алтай ОНХХ-тэй хамтран жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн мэдлэгийг сайжруулах, мэдээллээр хангах, ижил төрлийн үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох бизнес аялалыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус аялалд аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оёдол, сүлжмэл, гутлын үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 10 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцлоо.
Туршлага судлах аялалд оролцогчдод жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр төр засгаас баримталж буй бодлого, эрх зүйн орчин, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, зорилго, ач холбогдол болон шинээр хэрэгжих хөнгөлөлттэй зээлийн талаар ХХААХҮЯамны ЖДҮБХЗГазар, ЗБДСангийн холбогдох мэргэжилтэн нар мэдээлэл хийж АНУ-ын хөгжлийн агентлаг, “Хөгжлийн шийдэл” ТББ, “REACH” төслөөс бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгууллаа.
Мөн ШУТИС-ийн хувцас судлалын төв, “Хос Аз” гутлын үйлдвэр, “Хайтан” гутлын салон, “Зорбиом”, “Хүрэм” “Торгон” зэрэг загварын болон тусгай зориулалтын хувцасны үйлдвэр, “Ур ундрах” үндэсний хувцасны үйлдвэр, “Нэхээсгүй эдлэл” ХХК, “Ноос алтан боломж” дундын хоршоо, “Ноосон зангилаа” хоршоо зэрэг эсгий эдлэлийн үйлдвэр, “Чиглэл” ХХК-ий тоног төхөөрөмжийн үйлдвэр, “Улаанбаатар хивс” ХХК, “Монгол ноос” ХХК, “Блю скай кашмер” ноолуурын үйлдвэр, “Кашмер ворлд” ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр, “Их эргэлт” арьс ширний үйлдвэр зэрэг нийт 15 үйлдвэрээр орж үйл ажиллагаатай танилцлаа.