Хошууч Генерал Б.Пүрэв
БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн сүүлийн генерал.
Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Есөн настай сургуульд ороод 7-р анги, Улаанбаатар хотод худалдааны техникум төгсөөд нягтлан бодогч болсон. Насаар бол 10-р анги төгсөж байна л гэсэн үг юм. Улсын их дэлгүүр нээгдэх үед тооцооны нягтлан, дараа нь ахлах нягтлан бодогч хийж байгаад 1961 оны 6-р сараас 1964 оны 4-р сар хүртэл их дэлгүүрт нягтлан хийсэн. 1965 онд Намын төв хорооны улс төрийн товчооны өмч хамгааллыг сайжруулах тухай 365-р тогтоол гарч Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газар эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг өмчийн хэлтэс гэж шинээр байгуулсан. Тэр тогтоолын дагуу цагдаагийн байгууллагыг санхүү, нягтлан бодох мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх ажил зохиосон. Намын төв хорооны боловсон хүчний илгээлтээр Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын 2-р хэлтэст 1965 оны 04 дүгээр сарын 28 нд бага дэслэгч цолтой, жинхэнэ төлөөлөгчөөр томилогдсон юм. Ингэж цагдаагийн байгууллагад орж ажилласан түүхтэй.
БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн сүүлийн генерал ба тэрнээс хойшхи генерал цолыг Ерөнхийлөгч олгодог болсон байна. Нийгэм цаг үе өөрчлөгдсөн, ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд цагдаагийн байгууллагын генералуудын эгнээнд бас нэгэн эрс шийдэмгий, их үйлсийг бүтээгч, цагдаагийн алба хаагч бүрийн бахархал болсон эрхэм хүмүүн томилогдсон нь хошууч генерал Баастын Пүрэв юм. 1990 оны 04-р сард Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдон 1990 оны 04-р сарын 19ний өдөр тус зөвлөлийн 189-р тогтоолоор хошууч генерал цол хүртсэн байна. Энэ тухай Монгол улсын гавьяат хуульч, хошууч генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Баастын Пүрэв “Би сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн бараг сүүлчийн хүн. Яагаад ингэж хэлж байна гэхээр миний дараа дайнд тулалдаж явсан хоёр партизанд өгсөн юм” гэж дурсан ярьсан юм.
Цагдаагийн байгууллагын ажил нь нийгмийн дандаа сүүдэртэй талд нь явдаг хүнд ажил. Гэхдээ их хийморьтой, цог золбоотой, эр хүн хийвэл хийсэн шиг хийх ёстой сайхан ажил шүү дээ. Хийморьтой сайн эр хүн цагдаагийн ажил хийхээрээ гялалзтал сайн явдаг юм. Хааяа нэг унжгар, эсхүл муу эр дайнд хөөрнө гэгчийн хүмүүс орохоороо цагдаагийн нэрийг баллачихдаг юм. Тийм хүн нь аз болоход тун цөөхөн юм даа. Байгууллага нь өөрөө дэг журамтай, сахилга сайтай учир хүнийг их сайхан хайрцаглаж авдаг.
Цагдаагийн байгууллагатай нэрээ холбосон нь миний амьдралд тохиолдсон том аз завшаан гэж би тооцдог. Миний аав төрийн байгууллагын хамгийн доод албан тушаалтан сумын зарлага олон жил хийсэн хүн.
Цагдаагийн байгууллагатай нэрээ холбосон нь манай үе удмын түүхэнд сайхан үйл явдал. Би Урианхан овогт Баастын Пүрэв. Гэтэл одоо аавын минь нэрээр биш Цагдаагийн Пүрэв гэдэг. Тэгэхээр цагдаа гэдэг нэрийг сонсохоор би аавынхаа нэрийг сонссон юм шиг болдог" гэж бахархан ярьсан юм.
Эх сурвалж: Их Алтайн алдартнууд