Алтайн нурууны тэгш өндөрлөг ҮХЭГ
Алтайн нурууны Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаж дамнасан уулсын тэгш шилийг нийтэд нь “Үхэг” хэмээдэг. Орос хэлэнд “Укок” болон хувирчээ. Үхэгийн ноён оргил нь Монголын нутагт байх 4374м өндөр Хүйтэн оргил юм. Үргэлжлээд Белуха уул байх агаад энэ нь Алтайн БНУ-ын нутагт хамаарна. Үхэгийн баруун төгсгөлийг Өмнөд Алтай, Таван богд, Соёны нуруу эзэлдэг бол хойд хэсгийг Өмнөд Чуй нуруу тусгаарладаг. 1864 онд Орос, Манжийн хилийг тогтоох Чугучакийн гэрээнд Үхэгийн тухай дурджээ.
Оросын эрдэмтэн И.Ф.Бобковын удирдсан судалгааны экспедици 1860 онд Үхэгийн тэгш шилд ирсэн бөгөөд Чингистай тосгоноос Ак-Алахи голыг өгсөн энд иржээ. Газарзүй болон ургамал, хөрс, эрдсийн судалгаа хийсэн. 1878 онд М.В.Певцовын баг ирж 200 гаруй ургамлын төрөл, 100 гаруй төрлийн эрдэс, уулын чулуулаг цуглуулаад буцжээ. 1888 оны үед П.К.Козловын судалгааны багийнхан ирж Үхэгээс Ховд хүртэлх уулсын тэгш өндөрлөгийг судалжээ. Дараа нь В.В.Резниченкогийн экспедици мөстлөгийн судалгаа хийж геологийн тогтоцын хувьд харьцангуй том дөрвөөс доошгүй мөстлөг Алтайд болсныг олж тогтоожээ. Мөн үргэлжлүүлээд Резниченкогийн хөвгүүд болох ах дүү Тронов нар Алтайн өмнөд хэсгийн мөстлөгийг судалж “Алтайн уулсын бүхий л мөстлөгийн төв нь Таван богд уулсын зангилаа мөн” хэмээн тодорхойлжээ. 1905 оноос эхлэн Томскийн их сургуулийн профессор В.В.Сапожниковын баг судалгаа хийж Алтай таван богдын 5 оргил тус бүрд өөрсдийн харснаар нэр өгч байжээ. Мөн Потанины нээсэн мөсөн голыг ч Сапожников нээжээ.
1950-1960 онд Алтай Саяны уулсын системтэй судалгаанууд хийгдэж эртний болон одоогийн мөстлөгийн байдлыг судалсан ажлаар Е.В.Девяткин, Н.А.Ефимцев, Ю.П.Селиверстов, И.С.Чумаков, Е.Ф.Лунгерсгаузен, М.Г.Гросвальд, З.А.Титова, Л.Н.Ивановский, М.В.Тронов, В.С.Ревякин, В.П.Галахов, В.П.Голещихин нарын судалгааны бүтээлүүд гарч, Томскийн Технологийн Их Сургуулийн геологи-геоморфологийн салбарын П.П.Пилипенко, Д.В.Богданов, А.А.Иностранцев, В.А.Обручев, М.А.Усов, В.А.Хахлов, А.И.Родыгин нарын олон алдартай эрдэмтэдийг төрүүлжээ. Эдгээр эрдэмтэдийн судалгаан дээр тулгуурлан Баруун Сибирийн геологичид Алтайн том хэмжэний зураг гаргажээ.
1980-аад оноос Алтайн Улсын Их Сургуулийн профессор В.С.Ревякин, В.В.Рудской нар Алтайн нуруу, Үхэгийн судалгааг удирдан хийсэн бол 1990 оноос хойш Санкт-Петербургийн Их Сургуулийн профессор Ю.П.Селиверстовын удирдлагаар Зүүн өмнөд Алтай болон Тувагийн баруун өмнөд хэсгийн Алтайг судалж иржээ. Эдгээр судалгааны ихэнхийг Оросын Газарзүйн Нийгэмлэг ивээн тэтгэж, Нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч профессор К.В.Чистяков өөрөө олон жилийн турш удирдаж байгаа нь Алтайн нурууны мөстлөгийн судалгаанд Оросын эрдэмтэд ямар их ач холбогдол өгч байгаагийн тод жишээ юм.
Сүүлийн 30 жилийн дотор А.С.Ревушкин, Н.В.Ревякина, В.В.Бутвиловский, Ю.П.Селиверстов, В.П.Галахов, В.Е.Арефьев, Р.М.Мухаметов, К.В.Чистяков, В.В.Рудской, Р.В.Камелин, А.Н.Рудой, З.В.Лысенкова, А.Г.Редькин, С.Г.Платанова нарын эрдэмтэд төрөн гарчээ.
Алтай Таван Богд бол бараг төв хэсэгт оршдог бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг учраас газарзүйн өөрчлөлт байнга явагдах магадлалтай байдаг байна. 1963-1991 онд Алтай, Соёны уулсад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 1485 удаа болсон байна.
Үхэг гэдэг нь монгол хэлэнд нүүдэл хийх үед нялх хүүхдийг агуулж тээх зориулалттай авдар мэт таггүй савыг хэлдэг байна. Бас нэгэн утга нь гал тогооны хэрэглэл хадгалах шүүгээ-г хэлдэг ажээ. Магадгүй энэхүү аливааг агуулах сав гэдэг утгаар нь Алтайн нурууны мөстлөгийн тэр их нөөц, ургамал эрдсийг агуулдаг учраас “Үхэг” гэж нэрлэсэн бололтой.