📅

Статистик: Монголчуудын дундаж цалин 998.4 мянган төгрөг байна

🕔 2018/06/12 13:48

Статистик: Монголчуудын дундаж цалин 998.4 мянган төгрөг байна

 

Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны эхний таван сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасныг хүргэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны нэгдүгээр улиралд нийт 38.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 602.0 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх улирлаас 0.3 (0.7%) мянгаар нэмэгдэж, ажиллагчид 11.8 (1.9%) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын:
 
  • 43.4 (7.2%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 130.6 (21.7%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 227.4 (37.8%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 96.2 (16.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай,
  • 23.2 (3.8%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 81.3 (13.5%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.
 
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.9 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 11.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 0.7 мянгаар нэмэгджээ.

Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.3 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4
мянгаар, 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.7 мянгаар, 1100 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 12.0 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 мянгаар тус тус буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:
 
  • Хангайн бүсэд 860.1 мянган төгрөг,
  • Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 716.3 мянган төгрөг,
  • Баруун бүсэд 646.9 мянган төгрөг
  • байгаа нь улсын дунджаас 138.3-351.5 мянган төгрөгөөр доогуур байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая байгаа нь улсын дунджаас 118.3 мянган төгрөгөөр дээгүүр байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 609.1 мянган төгрөг байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 625.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 781.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 869.5 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 512.9 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 998.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 (4.1%) мянган төгрөгөөр нэмэгдэж, 2017 оны 4 дүгээр улирлаас 40.5 (3.9%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 39.2 (4.1%) мянган төгрөгөөр өсөхөд барилгын салбарт ажиллагчдын цалин 116.4 (12.8%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 108.2 (12.1%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 78.4 (8.9%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 141.1 (8.7%), хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 55.1 (8.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагчдынх 1.2 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдынх 1.1 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 116.1-318.0 мянган төгрөгөөр дээгүүр байна.

Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 807.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 821.2 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 747.4 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 477.8 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 177.2-520.6 мянган төгрөгөөр доогуур байна.

Эх сурвалж: ҮСХ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол