📅

Гадаадад хадгалагдаж буй Монголын өвүүдийг нэгтгэн 20 боть каталог хэвлэнэ

🕔 2018/09/11 11:06

Гадаадад хадгалагдаж буй Монголын өвүүдийг нэгтгэн 20 боть каталог хэвлэнэ

 

Даваа гаригт Гадаад харилцааны яаманд гадны улс орнуудад хадгалагдаж буй Монголын өв соёлыг судлах, олон улсад сурталчлан танилцуулах зорилго бүхий “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлгийн эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг төрт ёсны уламжлал, баялаг түүхээрээ дэлхийд гайхагдсан Монгол Улс ч өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад анхаарч байгааг онцолсон юм. Тэрбээр “Үндэсний түүх соёл, оюун санааны үнэт зүйлсээ таниулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг 2016-2020 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад орнуудад хадгалагдаж байгаа Монголын өв соёлын мэдээллийг агуулсан 20 боть каталог бүтээх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг 2018-2020 онд Олон улсын Монгол судлалын холбоо (ОУМСХ)-той хамтран эхлүүлж байна” гэв.

ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун хэлэхдээ “Гадаад орнуудын музей, номын сан, архивуудад монголчуудтай холбоотой 50 мянга гаруй гэрэл зураг, Монгол орноор аялж байсан жуулчдын тэмдэглэл хадгалагдаж байна” гэлээ.

Өнгөрсөн онд Японд дээрх гэрэл зураг, тэмдэглэл зэргийг нэгтгэсэн цахим хуудас бүтээх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2020 онд Монгол Улсын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж. Мөн “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Монголын эрдэмтэд дэлхийн 30 гаруй орны судлаачидтай хамтран ажиллаж, тухайн орнуудынхаа холбогдох албаныхантай уулзалт хийж, Монголын өв соёлуудын талаар 20 боть каталог хийх тохиролцоонд хүрчээ. Үүнд:

“Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”

“Унгар, Австри дахь Монголын өв”

“Хятад дахь Монголын өв”

“БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”

“Польш дахь Монголын өв”

“Япон дахь Монголын өв”

“Франц болон баруун Европ дахь Монголын өв”

“Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”

"Умард Европ дахь Монголын өв”

“Америк дахь Монголын өв”

“Герман дахь Монголын өв”

"Энэтхэгийн салбар тив дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр бүтээгдэх ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол