Сарын дундаж цалин 1025600 төгрөг болжээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны наймдугаар сарын үзүүлэлтээр сарын дундаж цалин энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 1025600 төгрөг болсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэхүү дүнг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэдэг бөгөөд 39700 аж ахуйн нэгж, байгууллагын 636 мянга гаруй ажилтны цалинг хамруулан тооцоолсон байна. Статистикийн үзүүлэлтээр Монгол Улсад эхний найман сарын байдлаар найман сарын шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар, өмнөх улирлаас 900 буюу 2.4 хувиар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 7.0 өмнөх улирлаас 5.7 хувиар тус тус нэмэгджээ. Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажилчдын 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3500-аар нэмэгдсэн бол 500,00-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2000-аар буурсан байна.
Өнгөрсөн найман сарын байдлаар боловсролын салбарынхны дундаж цалин 782900 төгрөг байна. Тэдэнтэй ижил хэмжээний цалин авдаг 35.4 хувийн хөдөлмөр эрхлэгчид байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Мөн Монгол улсад таван жилд нэг удаа болдог “Эх хүүхдийн эрүүл мэндийн салбарын судалгаа”-г явуулах юм байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг энэ сарын 23-наас нийслэлд эхлүүлнэ. Орон нутагт ирэх сарын 3-наас судалгаагаа хийж эхлэх аж. Нийслэлийн 1500 орчим айл өрхийг түүвэрлэх маягаар сонгож тус судалгааг явуулна. Улсын хэмжээнд нийт 869 мянган айл өрх бий. Үүнээс түүвэрлэх аргаар 14500 өрхийг уг судалгаанд хамруулах аж.