📅

"Элсэн манхны баяр"-аар анх удаа авто уралдаан зохион байгуулав

🕔 2018/09/17 12:13

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын голд есдүгээр сарын 15-16-нд "Элсэн манхны баяр боллоо.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа баярын үеэр элсний гар бөмбөгийн тэмцээн, элсэн манхны оргил булаалдах, говь марафон гүйлт, элсэн баримал, говийн уянга дуу, авто уралдаан болж цугларсан олныг хөгжөөсөн юм. Авто уралдаанд нийт 12 машин, 24 тамирчин, 30 гаруй механикч оролцож говийн элсэн дээр эр зориг, авхаалж самбаа, уран жолоодлого гарган өрсөлдөхөд "Мэндийн говь" ХХК-ийн тамирчин спортын дэд мастер Б.Нямдаваа, О.Төмөрөө нар тэргүүн байр, "Тэлмүүн доной" ХХК, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин Э.Нямжав, Б.Баярбаясгалан нар дэд байр, "Элсний хүч" ХХК-ийн тамирчин Э.Мөнх-Оргил, Р.Ган-Эрдэнэ удаах байрт тус тус шалгарчээ.

Баярын гол үзүүлбэр болох элсэн баримлын уралдаанд Сэврэй сумын  ерөнхий боловсролын сургуулийн Д.Амгаланбат ахлагчтай баг тэргүүн байр, дэд байрт Даланзадгад сумын С.Борхүү ахлагчтай баг, удаад нь Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн С.Гантуяа ахлагчтай баг тус тус шалгарлаа.

“Элсэн манхны баяр”-ын тайзыг элсэн баримлаар хийсэн нь үзэгч олны таашаалд нийцжээ. Элсний оргил булаалдах тэмцээн  25-аас дээш, доош насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар оролцогчоо шалгаруулсан. Үүнд 25-аас дээш насны эрэгтэй төрөлд н.Чулуунбайгаль, эмэгтэй төрөлд н.Нарантуяа, 25-аас доош насны эрэгтэй ангилалд н.Сэнгээ, эмэгтэйгээс А.Тэлмүүнсар нар хурд хүчээрээ бусдыгаа манлайлав. Энэ үеэр аймгийн аварга шалгаруулах элсний гар бөмбөгийн тэмцээн болж  Б.Батсуурь ахлагчтай "Говь-Эрдэнэ" баг шалгарсан байна.

Уг арга хэмжээнд Даланзадгад, Гурвантэс, Ноён, Баяндалай, Хүрмэн, Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Сэврэй сум болон Улаанбаатар хотоос тамирчид, оролцогчид, үзэгчид нийлсэн 1200 гаруй хүн цугларчээ. “Элсэн манхны баяр”-ыг говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын дор Өмнөговь аймгийн Сэврэй сум, аймгийн ЗДТГ болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

"Элсэн манхны баяр"-аар анх удаа авто уралдаан зохион байгуулав

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол