Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв нээлтээ хийлээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоёрдугаар сургуульд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Вагнер-Ази” тоног төхөөрөмжийн компани хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор “Хүүхэд хөгжлүүлэх төв”-ийг байгуулан есдүгээр сарын 14-ний өдөр нээлтээ хийн сургуулийн удирдлага, багш ажилчид, сурагч багачуудад хүлээлгэн өглөө.
Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ж.Мягмар, Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал Д.Шуубанза, НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, “Вагнер-Ази” компанийн Нийгмийн хариуцлагын хорооны гишүүн А.Ариунтуул, сурагч Д.Эмүүжин нар оролцож хүрэлцэн ирсэн зочдын баяр талархлын үгээ илэрхийлсэн юм.
“Энэхүү төвийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хоёр сарын хугацаанд 20 гаруй сая төгрөгөөр хүүхдийн нас сэтгэхүй, бие бялдарт тохирсон стандартын ширээ сандал, тавилга тоног төхөөрөмжөөр тохижуулсан. “Вагнер-Ази” компани маань олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төвийг орон нутагт анх байгууллаа” хэмээн тус компанийн Нийгмийн хариуцлагын хорооны гишүүн А.Ариунтуул онцлон танилцуулав.
Говь-Алтай аймагт өнгөрсөн жил анх удаа НҮБ-ын дэмжлэгтэйгээр “Хүүхэд хөгжлийн төв”-ийг Есөнбулаг сумын гуравдугаар сургуульд байгуулагдаж байсан бол энэ жил Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль болон Бигэр сумын бүрэн дунд сургуульд байгуулагдлаа. Түүнчлэн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нийт 20 гаруй хүүхэд суралцдаг ажээ.