Дарви суманд “Тамганы баяр” боллоо
Сүргийн манлай болсон морин эрдэнээ өсгөн үржүүлэх, дээдлэн шүтэх, адгуулан маллах, уналага эдэлгээнд сургах, малын тамгаа дээдлэн өвлөн уламжлах, соёлын үнэт өвийг хамгаалах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 19-нд Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин түмэн “Тамганы баяр”-ыг зохион байгууллаа.
Баярын арга хэмжээг тус сумын ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгуулсан бөгөөд малчид тусгайлан бэлдсэн эсгий дээр өөрсдийн тамгаа тамгалан соёлын өвд бүртгүүлсэн байна.
Түүнчлэн тус сумын 30 гаруй малчин залуу “Адуучин” тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорилоо. Тухайлбал, “Адуу бугуйлдах, Эмнэг сургах, Уурга шүүрэх, Хос морьтон шалгаруулах тэмцээнүүд болсноор баярын арга хэмжээ өндөрлөв.