Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 09-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны Зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж нар оролцсон. Хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх асуудлаар салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хөндөж байгаа юм. Хэлэлцүүлгээр дэлхий дахин, бүс нутаг, улс орны түвшинд хүүхдийг цахим орчинд хамгаалах асуудлаар мэдээлэл, харилцаа, технологийн салбарын холбогдох хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, интернетийн салбарын техник, технологийн асуудлууд, санал, гомдлыг шийдвэрлэх байдал зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, салбарын хүмүүс өөрсдийн байр суурь санаа бодлыг илэрхийлсэн юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэлэхдээ “Хүүхдийн тусламжийн утас 108 төвд ирсэн дуудлаганаас үзэхэд цахим орчинд хүүхдийн эрх 5 төрөлд зөрчигдөж байна.2017 онд цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа талаар 237 дуудлага ирсэн.Садар самуун бичлэг шууд хүүхдэд хүрдэг, хувийн чат болон бусад хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах зэргээр цахим орчинд хүүхдийн эрх их зөрчигдөж байна. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд орчин үеийн техник технологитой хөл нийлүүлэн алхах нь чухал. Шүүлтүүрийн программыг үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх тал дээр судалгаа хийгдэж байна.