Ахмадууд спортоор өрсөлдлөө
Говь-Алтай аймгийн Ахмадын хорооноос Ахмадын баярыг өдрийг угтаж гишүүдийнхээ дунд спортын тэмцээнийг есдүгээр сарын 26-нд зохион байгууллаа.
Волейболын тэмцээнд есөн сумын 12 багийн 80 гаруй ахмад тамирчин оролцсоноос Есөнбулаг сумын тамирчид тэргүүн байр, Бугат сум хоёрдугаар байрт, Эрдэнэ сумын ахмадууд гутгаар байрт тус тус шалгарчээ. Харин шатрын тэмцээнд 14 сумын 20 гаруй ахмад оролцоход эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Есөнбулаг сумын ахмад Л.Бямбаа, хоёрдугаар байрт Есөнбулаг сумын ахмад Д.Гантөмөр, гуравдугаар байрт н.Даваажав, эмэгтэй төрөлд Чандмань сумын ахмадын хорооны дарга гавьяат багш И.Энэбиш, удаах байрт Эрдэнэ сумын ахмад Д.Донжин, Есөнбулаг сумын ахмад Ж.Дашдаваа шалгарав. Ширээний теннисд эрэгтэй төрөлд тэргүүн байрт Бугат сумын ахмад настан Б.Эрдэнэ-Очир, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Дарив сумын Х.Балжинням нар бусдыгаа хошуучилсан байна.
“Жил бүр Ахмадын баярыг угтаж, Говь-Алтай аймгийн хэмжээнд “Ахмад настны” тухай хуулийг хэрэгжүүлэх, ахмадуудаа баярлуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, сумдын хороодыг өөрийн гэсэн байртай болгох, тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангах, сонгуульт ажилтнуудыг цалин урамшуулалтай болгох, өндөр настнуудыг эрүүл мэндийн үзлэгт оруулах чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ахуй амьдралд нь туслах талаар тодорхой ажлыг хийж зарим нь үр дүнд хүрч байна” хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Б.Дорждагва ярив.