📅

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-нд Говь-Алтайн 1100 өрх хамрагдана

🕔 2018/10/23 11:28

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-нд Говь-Алтайн 1100 өрх хамрагдана

 

Улс даяар өрнөж буй “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-нд Говь-Алтай аймгийн 18 сумын 1100 өрхийг хамруулахаар  18 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ажиллаж байна. 

Одоогоор нэгдүгээр баг Баян-Уул суманд,  хоёрдугаар баг Халиун суманд ажиллах байгаа учир тус аймгийн Статистикийн хэлтсээс таван жилд нэг удаа явагддаг энэхүү ажилд айл өрхүүдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

Судалгааны зорилго нь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилт, Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц тунхаглал, НҮБ-ын ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаар тусгай чуулганы тунхаглал болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний цогц хөтөлбөр”, “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр” зэрэг олон улсын болоод үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тооцож, дүгнэх, үнэлгээ өгөхөд чиглэдэг.

Судалгааг Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны Дэлхийн хөтөлбөрийн аргачлалд тулгуурлан явуулдаг бөгөөд олон улсын аргачлал, арга зүй, протоколын дагуу явагддаг гэнэ. Тодруулбал, Хүүхэд хөгжил судалгаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, Хүн ам зүй, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нэгтгэсэн судалгаа юм.

Үр дүнд нь нялхас, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээл, өсөлт, хөгжил, хамгаалал, хөгжлийн бэрхшээл, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, төрөлт, төрөх үеийн тусламж, үйлчилгээ, үр хөндөлт, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, гэр бүл төлөвлөлт, бэлгийн зан үйл, хөгжлийн бэрхшээл болон нөхөр, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлага зэрэг цогц мэдээллийг гаргаж, ашигладаг ажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол