📅

Нэр дэвшигчдээ сольё

🕔 2017/06/29 10:38

Ард түмэн 21.1 тэрбум төгрөгөөр “тоглоо” л биз


Намуудын шаардлагыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтын товыг наашлуулж, ирэх сарын 7-нд болголоо. Үнэндээ бол цаг хугацаа гол асуудал биш. Сонгогчид ажил, амралтаа зохицуулаад л саналаа өгнө. Гэхдээ өнөө л янзаараа нэр дэвшигчид олонхын санал авахгүй байх магадлал өндөр. Учир нь сонгогчдод сонголт алга. Үүнийгээ анхны санал хураалтаар харуулсан. Нийт 1.9 сая сонгогчоос 600 гаруй мянга нь саналаа өгөөгүй. Дээр нь 18 мянган сонгогч цагаан хуудас уншуулж, сонголтгүй сонгууль болохыг илэрхийллээ. Товчхондоо М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурвын хэн нь биш, тэдэнд Ерөнхийлөгчийн суудалд залрах зангараг, ноён нуруу, чадвар, чадамж алга гэсэн дүнг монголчууд тавилаа. Сонгогчид хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн.

Сонгуулийн тухай хуулийн:

97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"

99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байна.

Өөрөөр хэлбэл сонгогчийг саналаа өгөхийг албадах, заавал хэн нэгнийг сонгохыг тулгах эрх хэнд ч байхгүй гэсэн үг. Гэвч хуулинд заасан дахин болон нэмэлт санал хураалт нь сонгогчдод заавал хэн нэгнийг сонгохыг тулган шаардаж буй юм. Сонголт байхгүй хэмээн цагаан хуудас уншуулсан байхад дахин санал хураана. Итгэл даах нэр дэвшигч алга гэж саналаа өгөөгүй байхад нэмэлт санал хураалтад оролцоо гээд дуудах нь тулган шаардаж, хүчиндэж байгаагаас ялгаа юун.

Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт явуулах гэж байгаа нь сонгогчдын бус нэр дэвшигчдийн буруу. Дотоодод эв нэгдлээ хангачих, гадаадад Монголын нүүрийг тахалчих нэр дэвшигч байсан бол сонгогчид татгалзахгүй, нэрийг нь дугуйлах байсан. Харамсалтай нь энэ гурван хүнээс Ерөнхийлөгч гэх титмийн эзэн болох хүн байсангүй. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ч үүнийг хангалттай харуулсан. Төмөр замын асуудал, оффшор данс, үндэс угсаа, газрын наймаа гээд биенийхээ “но”-г хангалттай илчилсэн. Түүхэндээ анх удаа дахин санал хураалт явагдаж байгаатай адил түүхэнд байгаагүй хар бараан сонгууль болсныг судалгааны байгууллага баталлаа. Сурталчилгааны 18 хоногт биенийхээ муу муухай бүхнээр сонгогчдыг залхаасан учраас сонгогчдын итгэл алдарсан. Монголын төрийг жолоодох бодлогоо бус идсэн уусан, хууль зөрчсөн бүхнээ урьтал болгосон учраас сонгогчид эрүүл нэгнийг эрэлхийлж байгаагаа илэрхийлэн, цагаан хуудас уншуулж, нөгөө хэсэг бүр санал авах байрыг ч чиглэсэнгүй.

Тиймээс Э.Бат-Үүл баатарын хэлдгээр дахин санал хураалтыг ч бойкотолъё. Сонгогчдын ирц хүрч болох ч нэр дэвшигчид мөн л олонхын санал авч чадахгүй, нэмэлт санал хураалтад тулна. Ард түмэн төсвийн 7.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгээ л биз. Нэр дэвшигчдээс эхлээд Монголын төрд байгаа нөхөд хангалттай идэж ууж, хийсгэж байхад ард түмэн яагаад болохгүй гэж. Сургууль, цэцэрлэг барих хөрөнгө байлаа ч мөнгөнд хавчигдаж, хүсээгүй нэгнийхээ нэрийг дугуйлж, төрийнхөө эрхийг атгуулах юм гэж үү. Яагаад ийм тулгалттай сонголт хийх ёстой гэж. Мөнгөө хэмнэж байгаа нэрээр чанаргүй бараа авбал эдэлгээ даахгүй, хямд хоол идвэл ходоодонд халтай. Харамч хүн хоёр төлдөгтэй адил бид мөнгөө хэмнэж байгаа нэрээр саналаа өглөө гэхэд дараа нь үүнээс илүү муу зүйл болохыг ч үгүйсгэх аргагүй.

Тэгэхээр эцэг хуулиар олгогдсон эрхээ эдэлж, дахин сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлье. Төсвийн мөнгийг үрэх зорилготой бус гэдгийг та бүхэн анзаарч буй биз. Зөвхөн нэр дэвшигчийг сольж, сонголттой сонгууль болгомоор байна. Өөрийн бодол, бодлоготой Ерөнхийлөгчтэй болохыг сонгогчид хүсч байна. Илүү нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлэх боломжийг улс төрийн намуудад олгоё. АН-ын Р.Амаржаргал, МАН-ын У.Хүрэлсүх эсвэл Ц.Нямдорж нэр дэвшихэд болохгүй гэх үндэслэлгүй. Тэд идэж ууснаа бус энэ Монголыг хөгжүүлэх бодлогоо ярина гэдэгт итгэлтэй байна. Яагаад заавал М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэж?!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол