Сибирийн нэгэн дунд сургуулийг энэ жил ганц сурагч төгсжээ
Москвагаас зүүн зүгт 4,300 км зайнд оршдог Сибирийн Красноярск мужийн Рудиное хэмээх жижигхэн тосгонд саяхан нэгэн сонирхолтой төгсөлтийн баяр болжээ.
Тосгоны сургуулийг энэ жил ердөө ганц охин төгсөж байгаа бөгөөд тэр 13 багшийнхаа хамт дурсгалын зураг татуулж, баяраа тэмдэглэсэн байна. Төгсөгч Лера Горбуновагийн анги уг нь 10 хүүхэдтэй байснаа хоёр жилийн өмнөөс эрс цөөрч эхэлжээ. Зарим нь коллежид орж, зарим нь мэргэжлийн сургуулиудад шилжсэнээр Лера ганцаар ангидаа үлдсэн байна.
Эхэндээ тэр ангид ганцаараа сууж, багшийнхаа асуулт бүрд хариулах нь эвгүй байсан гэнэ. Нийт 15 хичээлд ганцаарчилсан байдлаар суудаг байжээ.
Гэхдээ энэ байдал нь сайнаар нөлөөлж, Лера бүх хичээлдээ сайжран, гэрийн даалгавар бүрээ алдалгүй хийхээс өөр аргагүй байсан гэнэ.
Одоо Лера хуульч болохоор Эрхүүгийн их сургуульд шалгуулж байгаа. "Би хүмүүсийг хамгаалдаг хүн болох хүсэлтэй” хэмээн Рудиное тосгоны сургуулийн цорын ганц төгсөгч ярьж байна.
Рудиное тосгон нийтдээ 600 оршин суугчтай. Хоосорсон сургуулиуд Оросын алслагдсан бүс нутгуудад хэвийн үзэгдэл юм. Тэдний зарим нь хаалгаа барихад хүрдэг. Зарим сурагчид хөрш тосгонуудын сургуульд суралцах тохиолдол элбэг байдаг ажээ.
Эх сурвалж: Russia Beyond The Headlines
Р.ТӨМӨР, IKON.MN