"ЖДҮ-г шалгана" гэсэн гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй
ЖДҮ гэмт хэрэг мөн юм уу? Ингэж хэлэх хүн УИХ дотор дахин нэгээр нэмэгдлээ. Нэмэгдэх нэмэгдэхдээ АН-ын гишүүн Л.Болд ингэж хэлсэн гэвэл та итгэх үү?
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах шаардлага тавьсан даа. Ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцүүлэхийг шаардсан найман асуудал дотор “Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох” орсон байгаа.
Харин тэдний харж байгаа ЖДҮ гэмт хэрэг болон түүний хариуцлага бидний харж байгаагаас огт өөр гэдгийг анзаарах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “ЖДҮ гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох шаардлагатай. Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ? Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ЖДҮ авсан. Тэдэнд гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ? ЖДҮ зөвхөн Засгийн газрыг унагаах, УИХ-ын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал байсан. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү? Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно” гэж ярив.
Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас зориулалтын бусаар зээл авах нь гишүүдийн хувьд гэмт хэрэг биш, харин бусад албан тушаалтнуудын хувьд гэмт хэрэг юм байна. Тэдний хэргийг шалгаж шийдээгүй цагт УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн тухай ярих хэрэггүй л гэж байна. Хамгийн энгийнээр ойлгоход. Мөн ЖДҮ хэрэг нь зөвхөн Засгийн газрын огцруулах кнопны асуудал байсан, үнэн хэрэгтээ гэмт хэрэг биш гэж гөрдөв. Энэ хүн жинхэнээсээ МАН-ын Засгийн газрын “гал хамгаалагч” болчихлоо шүү. Ингээд шаардлага тавьж байгаа гурван гишүүн маань хүртэл өөрөө өөрсдийнхөө тавьж байгаа шаардлагатай зөрчилдөөд эхэллээ. Тэгэхээр энэ хэний захиалга байсан байх вэ?
УИХ-ын ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гаас гадна Засгийн газрын бусад 25 тусгай санг шалгах, хариуцлага тооцуулах гэсэн нь дахиад л олны анхаарлыг ЖДҮ зээлээс холдуулах оролдлого шиг харагдаж байна. Тэрэндээ хүрвэл ээлжит бус чуулган байтугай энэ Засгийн газрын нас хүрэхгүй. Түүний оронд ЖДҮХС-гээс зээл авсан гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирж шийдвэрлүүл гэсэн бол жинхэнээсээ шударга харагдах байлаа. Гэтэл ЖДҮХС-г шалгахыг шаардаж байгаа гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй.
Ж.Батзандан гишүүн гэхэд эхнэрийн дансаар орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг одоо хүртэл тайлбарлаагүй. Тэр мөнгөний эх үүсвэр нь ЖДҮХС-тай холбоотой тухай хэвлэлүүд барин тавин бичиж байгаа.
Х.Нямбаатар гэхэд өөрийнхөө, төрсөн дүүгийнхээ, найзынхаа, эхнэрийнхээ төрсөн дүүгийн байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж байгаад “Өгөөдэй Ази” гэдэг компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая зээл авсан, тэр мөнгө нь “Хамаг Монгол” хэмээн өөрийнх нь нэр дээрх барилгын компани орсон байж болзошгүй тухай, уг компанийг ХОМ-тээ мэдүүлээгүй бичигдэж л байсан. Хаврын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд бүрэн эрх нь хөндөгдөх хүмүүсийн тоонд орж явахыг үгүйсгэх газаргүй. Тийм ч учраас “Шударга бусын хонгилын гам хамгаалагч болсон шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг яаралтай огцруулах” шаардлага тавьсан хэрэг биз.
Б.Сэмүүн