📅

Хулгайч нарыг хазаарлах хууль хэрэгтэй байна

🕔 2019/03/02 16:20

Хүн амьд явах хугацаандаа биеэр үйлдэж болох гурван нүгэл байдаг. Үүний нэг бол хулгай хийх юм. Бидний бүтээсэн нэг муу үйл хэрэг нийслэлд маань сүлжээ бизнес болтлоо хөгжиж, хийх ажилгүй залуус хоногийн хоол, хувцасны мөнгөө хэн нэгний халаас тэмтэрч олдог болж.

Нэг удаа өглөө гэрээсээ гараад ажилд явах гээд дүүрэн хүнтэй автобусанд суув. Нисэх-Зунжин чиглэлийн автобус өглөө бүр битүү жихцэлдэж явдагыг манай 90 саяын унааныхан андахгүй биз. Намайг суухад л дүүрсэн автобус цааш хоёр, гурван буудал яваад хүн орох зайгүй болсон учир жолооч залуу хойгуур суучих гээд хэдэн хүн явуулж байгаа нь сонсогдов. Хойд хаалгаар цэмцийсэн хоёр залуу орж ирээд нэг нь над руу учиргүй харж хажуугаар зөрөхдөө шахас хийгээд л дээш гарав. Би ч юм бодолгүй зогссон оо гэнэт утсаа үзвэл байдаггүй.  Гайхаад харвал халаасны хажуунаас сая орж ирсэн хоёр залуугийн нэгийх нь гар гарч явж байгаа нь анзаарагдсан юм. Би шууд л "Хөгшөөн утсаа авъяа" гээд гарнаас нь чангаатал газар миний утас унав. Харин өнөөх залуу "энэ биш юм уу" гэж хэлээд тоох ч үгүй дараагийн буудал дээр бууж одов. Би ч утсаа олсондоо баяртайгаар эргэн тойрноо ажтал зорчигчид бүгд над руу шоолсон байдалтай харцгааж байв. Автобус дүүрэн халаасныхантай яваагүй л байлтай гэж бодогдож, ичсэндээ нөгөө залуугийн араас буучихмаар ч юм шиг. Араас нь очиод би буруу зүйл хийжээ гээд утсаа өгчихмөөр ч юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух хэрэггүй биз. 

Ямартай ч сүлжээ болтлоо өргөжсөн хулгайч нарт тооцох хуулийн хариуцлага маш сул байдагаас үүдэн тэд толгой дээр гарч эхэлжээ. Үзвэр үйлчилгээний газруудаар ороход "Халаасны хулгайчаас болгоомжил. Үнэт зүйлсээ алдсан тохиолдолд байгууллага хариуцахгүй" гэсэн бичиг угтана. Үйлчлүүлж болох ямар л газар байна, бүгдэд нь тэднээс айж болгоомжлохыг сануулсан бичгийг бид дурын үйлчилгээний байгууллагаас харж болно. Тэдэнд гар утас, түрийвчнээс эхлээд ямарваа нэг юм алдаагүй хүн ховор шүү. Хотод оюутан болж ирсэн хүүхдүүд ёс юм шиг үнэт зүйлсээ суйлуулна. Заавал тэгж байж л их хотын иргэн болох учиртай ч юм шиг болжээ.

Тэднийг зөвхөн халаасныхан гэж тусд авч үзэж болдоггүй бололтой. Учир нь хулгайч л бол хулгайч. Тэд зөвхөн халаас тэмтэрдэггүй, Машины эд анги, малын хулгай, орон байрны хулай гээд бүгдийг нь хийдэг. Ганц ялгаа нь ихэвчлэн алийг нь хийдэг вэ гэдэг л байдаг тухай албан бус эх сурвалжаас сонссон юм. 

Түүний ярьж байгаагаар "Хулгайч нар хэзээ ч ганцаараа явдаггүй. Доод тал нь хоёр юм уу гурвуулаа явдаг юм билээ. Ер нь хулгай хийж амьдрах юм бол ямар ч асуудалгүй амьдарч байна. Би даанч чадахгүй юм. Хааяа нэг гадуур гарахаар өдөрт доод тал нь нэг сая төгрөг олж байна. Тийм цалин өгөх газар хаана ч байхгүй. Зарим нь энэ тухай хүүхдүүдэд ярихаар заагаад өгөөч гээд гуйдаг юм билээ. Ер нь хулгайч нар их залуужсан. зарим нь цагдаа нартайгаа ч хуурай ах дүү болчихсон байдаг юм билээ" хэмээн ярьсан юм.

Гадуур амьдралаа залгуулах гээд ширхгийн чихэр, жимс худалддаг хүмүүсийг хорьж цагдаж болдог хэрнээ халаасны хулгайчдыг чангалж яагаад болдоггүй юм бэ. Уг нь халаасны хулгайчдыг барихад ядах зүйлгүй мэт. Даанч хууль зүйн зохицуулалтаас болоод тэднийг дарж авч чаддаггүй бололтой. Өнөө танилын маань ярьж байгаагаар халаасны хулгайн хэргээр нэг сарын баривчилгаа аваад л салдаг гэнэ. Тиймээс ч тэд баригдахаас айдаггүй "За, явчихаад ирье" гэсэн байртай ханддаг байна.

Харин хулгай хийгээд удчихсан луйхарууд нь бол цагдаа нараа таньдаг, бараг ах дүү шиг харилцаатай хүмүүс байдаг гэнэ. Ямар нэгэн хулгайн хэрэг гарвал цагдаа ах нар нь камер шалгаад л харагдсан хамгийн эхний хүн рүү “Утас авчир” гээд л утас цохино. Харин илчлэгдсэн луйхарууд хулгайлсан утсаа цагдаад өгөх хэдэн төгрөгтэйгөө/500 мянга/ бариад л ороод ирдэг гэнэ. Тэр мөнгөө яаж олдог нь тодорхой.

Мөн хуучны, бараг "загалмайлсан эцэг" болсон гарууд нь бол цагдаагийн хэлтэс дотор " Би нэг ийм утас хусчихсан чинь лай болоод байна. Энийгээ гялс зохицуулаачээ" гээд хээв нэг яриад зогсож байдаг аж. Учир нь өнөөх ганц сарын баривчилгаа нь амралт суух гэж байгаа юм шиг л санагддаг бололтой юм. Хүний юмыг хулгайлах нь нүгэл. Харамсалтай нь тэд энэ үйлдлээ юман чинээ боддоггүй бололтой.

Тиймээс нэг удаа хулгай хийгээд баригдах юм бол 2 жил, давтан хэрэг үйлдэж байгаад баригдвал 4, 6, 8, 10 гээд ялыг нь нэмж зүйлчилвэл энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс буурах байх. Хулгайч нарийг хазаарлаж хуулиар зүрхэнд нь хүрэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр төр халаасны хулгайчийг хазаарлаж дийлэхээ байсан болохоор иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх нь хулгайчаас сэргийлэх ганц арга юм. Өөр яалтай билээ.

Э.Энх-Амгалан

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол