📅

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ

🕔 2019/03/04 10:46

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ

 

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаж, хаваржилт, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонссон байна. Ингээд тулгамдсан асуудлыг Засгийн газар, Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ.

Тус аймаг аюулгүй нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639,5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэсэн аж. Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Шарга суман дахь аюулгүйн нөөцийн агуулахад хадгалж буй өвсийг хямдруулж 7000 төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн байна. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байгаа аж.

Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шуурснаас хаваржилт хүндэрсэн байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага гэж үнэлжээ.

Тус аймгийн 18 сумын 87 багийн 7106 малчин өрхөд 3,5 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байгаа юм. Дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан малын тоо 998,4 мянган толгойд хүрчээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол