Х.Хэрлэн дарга "Эко алтан Заамар"-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол...
-“Баян” Ч.Базарт гишгэх газар үгүй-
Энэ эрхмийн толгойг Монголын төр бүтэн зургаан жилийн турш илж олон ч газар нутгийг түүнээр сэндийчүүлж “ Баян” Ч. Базараа гэх нэртэй болгосон. Тэрбээр 2013 онд Говь-Алтай аймагт төмрийн хүдэр олборлох нэрээр байгаль орчныг сүйтгээд зогсохгүй жилд 2.4 сая тонн хүдэр Хятад руу гаргасан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн. Товчхондоо “Баян” Базар 2013 оноос хойш урт нэртэй хууль болон Монгол Улсын байгаль орчин, ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг зөрчин алт олборлож Монголын хуулийг гууль болгосон нэгэн. Тэгвэл олон хавар нэгэндээ гэгчээр түүний эзэмшлийн “Эко алтан Заамар” компанийн уурхайд өнгөрсөн 28-ны өдөр олон хүний амийг авч одсон ноцтой осол гарсан тухайг бид мэдээллэсэн.
Тус газарт ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласаны хүчинд таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж нэг, нэг өдрийн зайтайгаар хоёр иргэний цогцосыг гаргасан. Одоогоор хоёр иргэнийг эрж хайх ажиллагааг тэд үргэлжлүүлж буй билээ. Уг осол Заамар сумын Хайлааст багийн Баянголын амны “Ууцар” гэдэг газарт гарсан билээ.
Тус компани Төв аймагт хэдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй вэ
Энэ компани 5000-6000 га газрыг хамарсан лицензтэй. “Эко алтан Заамар” компани нь Төв аймгийн Хайлааст багийн нутагт орших “Их тохойрол” нэртэй MV-007712, MV-007713 болон “Баянголын эх” MV-018995, “Бор толгойн” MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Өвөр наймган”-ы аманд 15 мянга га газар, “Түмэнгийн дөрөлж” гэдэг газар 5628 га талбай дээр тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг байна. Тус компани 2018 оны 5 сарын 30-нд аймгийн “Өгөөмрийн арын тохойрол” нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхлүүлэхдээ нутгийн иргэдээр даажигнаж тэднээр олон ч удаа тохуурхаж байжээ. Тиймээс л нутгийн иргэдийн тэмцлийг нохойн хуцсан чинээ тоогоогүй “Эко алтан Заамар”-ын уурхайд аймшигтай осол гарч гэр бүлээ тэжээж байсан дөрвөн хүн амь насаа алдлаа. Одоо энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг доор сийрүүлье.
Осол өөр газар гарсан ч “Эко алтан Заамар”ын MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарч байв
Хэдийгээр өнөөдөр осол гарсан газар нь Баянголын амны “Ууцар” гэх газар боловч нутгийн иргэд өнгөрсөн оны эхээр тус компанийн эзэмшлийн МV-007712, MV-007713 дугаартай “Их тохойрол” нэртэй газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаныханд удаа дараа уламжилсанаар салбарын сайд Н.Цэрэнбат 2018 оны долоодугаар сарын 16-ны өдөр 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргаж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн ч энэ нь ажил хэрэг болж чадаагүй аж.
Эцэст нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан байхад АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ямар шалтгааны улмаас тус компанийн үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаагүй юм бэ гэж асуумаар байна. Цуцалсан бол магадгүй өнөөдөр өөр талбайд хүний амь нас эрсдэх нөхцөл үүсэхгүй ч байж мэднэ.
Х.Маргад