Худалдаа хөгжлийн банк, Монгол Зэсийнхний аалзны торонд орсон өндөр албан тушаалтнууд
-Аав хүү хоёрын зүтгэл Монголын төрийг хохироосон гэв үү-
Худалдаа хөгжлийн банкныхан татвар төлөгчдийн хөрөнгөөр төрийн өмчийг хувийнх болгодог арга технологийнхоо дагуу “Багануур” ХК-ийг эзэмшилдээ авах оролдлого хийж байв. Гэвч Улсын дээд шүүхээс “Монголын зэс”-ийн Ц.Пүрэвтүвшин гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Багануур” компанийнхны талд шийдвэр гаргаснаар Төрийн өмчит компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай жинхэнэ эздэдээ үлдэв. Ингэснээр Худалдаа хөгжлийн банкныхан Багануурын нүүрсний уурхайг авах гэсэн оролдлогыг шүүх таслан зогсоосон гэсэн үг.
Өдгөө тус банкны удирдлагад холбогдох эрүүгийн хэргүүдийг цагдаа, АТГ-ынхан нарийвчлан шалгаж буй билээ. Эдгээр хэргээс заримыг нь үргэлжлүүлэн уншигчдадаа хүргэе.
Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг гуравдугаар сарын 5-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хамтран албадан саатуулж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнээс хойш өрнөсөн олон дуулиан, тэр дундаа УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн гурван хүнийг гэм буруугүй, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх дуулианд Худалдаа хөгжлийн банкны зарим удирдлагынхолбогдсон хэрэг дарагдаад байна. Мөн шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч чөлөөлсөн гэх мэт үйл явдалд Д.Эрдэнэбилэгээс гадна Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар гээд хэд хэдэн хүний хэрэг сураг алдрах шахаад буй билээ. Уг нь энэ хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, эд мөрийн баримт устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдаа, АТГ-ын ажлын хэсгийнхэнпрокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийн захирамжаар сулласан. Захирамж гаргасан шүүгч Х.Идэрийн аав “Эрдэнэт үйлдвэр”-ээс сул цалин авч байгаа нь ч ил болсон билээ.
Дээрх хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсантай холбоотой үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд нэмж өөр хүмүүсийг ч шалгаж, заримыг нь яллагдагчаар татахаар болоод буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын давуу эрхэд халдах боломж олгосон байж болзошгүй үндэслэлээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-ын ажлын хэсгийнхэн яллагдагчаар татах саналаа НПГ-т хүргүүлсэн. Худалдаа хөгжлийн банканд эрх бүхий албан тушаал хашиж байгаад Монголбанкны ерөнхийлөгч болсон Н.Золжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, Төв банкнаас Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг мөнгө нь тус банкнаас гарч, алдагдалтай ажилладаг “Кью Эс Си” компани руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн аж. Тус компани нь таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Н.Золжаргал албан тушаалаа ашиглан өмнө ажиллаж байсан банкныхаа эзний нэг салбар компанид давуу байдал бий болгож, Монголбанкийг эрсдэлд оруулсан байдаг. Тэгвэл энэ хүмүүс дээр нэмээд төрд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхмийг яллагдагчаар татахаар болоод буй. Энэ талаар дор дэлгэрүүлэн өгүүлье.
Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагыг саатуулсан гуравдугаар сарын 5-ны баривчилгааны шөнө “Канетик” компанийн захирал Ганбатын Хүрэлбаатар гэх нэг эрхмийг хмат ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн. Зам тээврийн сайд асан Дангаагийн Ганбатын хүүг чухам ямар хэрэгт холбогдуулсныг тухайн үед хүмүүс төдийлөн анхаарч үзээгүй, үл ойшоож өнгөрөөсөн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд 2017 онд “Монголын зэс корпорац”-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая ам.долларшилжүүлсэн. Энэ мөнгөө яаж босгосныг нь судлаад үзэхээр, Худалдааны хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой эргэн тойрны хүмүүсийн байгуулсан компаниудад тус банкнаасзээл өгөх замаар “Монголын зэс”-ийг санхүүжүүлсэн байна. Тухайлбал, “Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй компаниас 62.9, “Ривер стоун”, “Юнайтед энержи систем” компаниас тус бүр 70, “Канетик” компаниас 68 сая ам.доллар зээлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр компанид зээл өгөх замаар “Монголын зэс” мөнгө босгосон. Эндээс Худалдаа хөгжлийн банк Банкны тухай хуульд заасан “Арилжааны хэлцэл хийж бизнесийн ашиг олох зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг ашиглаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тодорхой болсон. Эцэст нь төр 100 хувь эзэмших ёстой үнэ цэнтэй аж ахуйн нэгжийг хууль бусаар хувийн хэвшилд өгсөн нь буруу гэж дүгнэн Засгийн газарт буцааж авах үүрэг өгөх нь зөв гэж үзлээ” хэмээж байв.
“Монголын зэс”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад МАН-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатар тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс”-д шилжүүлсэн” гэдэг.Сингапурт бүртгэлтэй “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатарын оролцоо ийм.
Харин түүний аав Д.Ганбат хэрхэн “улсын эзэн” Д.Эрдэнэбилэгтэй холбогдож, яаж үйлчлэвгэдэг нь уншигчдад сонин байх болов уу. Зам тээврийн сайд асан Дангаагийн Ганбатыг “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй эртний найз гэлцэх юм билээ. Найзынхаа дэмжлэгтуслалцаа, нөлөөгөөр сайд, төрийн өмчит компанийн захирал зэрэг өндөр албан тушаалыг хаших болсон ч гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм. Зарим эх сурвалж “Д.Ганбат “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа найзуудынхаа компаниар дамжуулж үйлдвэрээс мөнгө гаргаж, улмаар орон сууцны хотхонууд бариулан борлуулж мөнгө угаасанб айж болзошгүй гэсэн хардлага байдаг. Тухайлбал, “Өндөр буянт холдинг” гэх барилгын компанийн хувийг 500 сая төгрөгөөр худалдан авч, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг юм билээ.
Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз. Юутай ч түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй юм билээ” гэсэн юм.
Түүний хэлснийг батлах мэт, саяхан МУБИС-ийн замын урд байрлах UBH төвийн 16-17 давхарт байрлах “Өндөр буянт холдинг” компанийн төв байранд үзлэг нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан аж. Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн угаасан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу шалгаж байгааг эх сурвалжууд баталсан юм. Мөн шинэ нисэхийн хурдны зам, Баянхонгор чиглэлийн автозамын ажлыг эртний бизнесийн хамтрагч аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэх хардлага байдаг юм билээ.
Эдгээрээс гадна Дангаагийн Ганбатыг эрх мэдэл, албан урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулж байгаа аж. Энэ нь дээр өгүүлэн буй Худалдаа хөгжлийн банкныхны холбогдсон, “Кью Эс Си” гэх компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас ачаа тээвэрлэх төмөр зам тавьсан хөрөнгөтэй холбоотой хэрэгт яллагдагчаар татахаар болоод буй аж. Энэ талаар бид удахгүй дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Г.Равжаа