Украины Ерөнхийлөгчөөр жүжигчин Владимир Зелински сонгогдлоо
Украин улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өнгөрөгч амралтын өдрүүдэд болж “Слуга Нарадов” намаас нэр дэвшсэн, телевизийн хошин шогийн жүжигчин Владимир Зелински 73,2 хувиар үнэмлэхүй ялалт байгууллаа.
Харин түүний өрсөлдөгч одоогийн Ерөнхийлөгч Петро Порошенко 25,5 хувийн санал авсан юм. Тэрээр ялагдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрч ирэх сар гэхэд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн аж.
Владимир Зелински өчигдөр буюу ням гаригт сонгуульд ялалт байгуулснаа албан ёсоор зарлаж гудамжинд хуран цугласан олон мянган дэмжигч нартаа хандан “Та бүхэнд баярлалаа. Би одоо ямар нэгэн улиг болсон үгс хэлэхгүй. Энэ ялалтыг бид хамтын хүчээр байгууллаа” гэжээ. Түүнд улс төрийн ямар ч туршлага байхгүй учир шүүмжлэгчид Европын хамгийн ядуу, хүнд нөхцөлд байгаа Украин улсыг хэрхэн удирдах вэ гэдэг асуудалд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Харин судлаачид түүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хамгийн түрүүнд улс эх орныхоо эв нэгдлийг бэхжүүлж, Украинд үүсээд буй хамгийн том асуудал болох иргэд нь илүү дээр амьдрал хайхаар гадаад орнууд руу дүрвэж байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байна.
Хошин шогийн жүжигчин хүн Ерөнхийлөгч болж буй явдлыг олон улсын улс төрийн шинжээчид Украины ард иргэд одоогийн удирдагч нартаа ямар ч итгэл үзүүлэхээ больсны шинж гэж тодорхойлжээ.
Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр барууны ертөнцтэй холбоотой асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ асуудлаас болж иргэдийнх нь амь нас болон улсынх нь газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учрахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм.
Тэрээр Украины улс төрийг ёгт маягаар элэглэдэг “Ард түмний үйлчлэгч” кинонд гэнэтийн байдлаар дунд сургуулийн багшаас Ерөнхийлөгч болсон нэгний дүрийг бүтээж улс төрийн хувьд олны анхаарлыг ихээр татах болсон юм. Харин одоо бодит амьдрал дээр энэхүү хариуцлагатай албыг хаших болж, Украйны гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогыг тодорхойлох боллоо.
Мөн өдгөө 41 настай Владимир Зелински нь Монгол Улсад бага боловсрол эзэмшсэн байдаг. Түүний эцэг эх нь математикч, инженер мэргэжилтэй, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажилласан хүмүүс бөгөөд тэрээр тэднийгээ даган бага насныхаа дөрвөн жилийг Монголд өнгөрөөсөн аж.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNN, BBC