Эко клубын сурагчдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа
Дэлхийд ганцхан Монголд байдаг бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгуудын нутагт л амьдардаг. Өнгөрсөн өвөл богийн мялзан төст өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонд бөхөн бүхий Дарив, Тонхил, Төгрөг, Шарга, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Мөнххайрхан зэрэг 8 сумын сургуулиудын Эко клубын нийт 104 сурагч, 8 багш оролцсон “Бөхөн дахиж битгий өвчлөөсэй” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Эко клубын сурагчид хээрийн аялалаар бөхөнгийн ажиглалт хийх явцад 1106 бөхөн тоолж, 18 бөхөнгийн сэг зэм бүртгэж 17 өвчтэй бөхөнтэй таарчээ. Тэд бөхөнгийн суурь судалгаа хийж төр захиргааны байгууллага, малчдад мэдээлэл өгөх, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, бэлчээр нутгийг ариутгах, Эко клубт ажиллах арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг заалт бүхий албан санаачлага гаргаж аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нарт гардуулж өглөө. Аймгийн удирдлагууд байгаль хамгаалах талаар үнэтэй санал санаачлага гаргасан хүүхдүүдэд талархаж байгаагаа хэлж цаашид анхааран ажиллана гэлээ.
Ш.Цоодол