📅

Ногоон ажлын хүрээнд 60 иргэнийг байнгын, 100 иргэнийг түр ажлын байраар хангана

🕔 2017/06/16 11:58

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Ногоон Алтай” төслийн нээлтийн ажиллагаа хийгээд уг төслийн хүрээнд хийгдэх ажил үйлчилгээний талаар аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга М.Мянганбуутай ярилцлаа.

-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Ногоон Алтай” төслийн нээлт болсон. Уг хөтөлбөрийг танай байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл өгвөл?

-Аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар нь халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2 төсөл, 3 хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Дээрх төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь “Ногоон Алтай” төсөл юм.

-Төслийн гол зорилго болоод бусад хөтөлбөрүүдээс юугаараа онцлогтой вэ?

-Манай аймаг цаг уурын хувьд хатуу ширүүн, хуурайшилт ихтэй аймгийн тоонд багтдаг. Үүнтэй холбоотойгоор Алтай хотын Жаргалант толгойгоос Баарангийн давааны чиглэлийн төв зам дагуу 12000 ширхэг мод тарих юм. Ойн зурвас байгуулан уур амьсгалыг зөөлрүүлж, салхины хамгаалалтыг бий болгон, эрүүл эко орчин бүрдүүлж үүнийгээ дагаад ажил олгоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар ханган, орлогыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа. Бусад хөтөлбөрүүдээсээ бүтээн байгуулалтын шинж чанартай ба 200 гаруй иргэнийг ажлын байртай болгож буйгаараа онцлогтой.

-Төслийн хүрээнд 200 гаруй ажлын байр бий болгоно гэж тусгасан. Одоогоор хэчнээн хүнийг ажлын байраар хангаад байна вэ?

-Төсөл хэрэгжих 4 жилийн хугацаанд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэст 5-аас доошгүй жил ажил хайгчаар бүртгүүлж байсан, ажил олоход хүндрэлтэй 60 иргэнийг байнгын, 100 иргэнийг түр ажлын байраар ханган орлогын дэмжлэг үзүүлэх юм. Эхний ээлжинд 40 хүнийг түр ажлын байраар хангалаа. Эдгээр хүмүүс “Ногоон Алтай” хөтөлбөрийн хүрээнд таригдах модны 4500 ширхэг нүхийг ухаж, хамгаалалтын хашаа, услалтын худаг гаргаж модоо суулгах бэлтгэл ажлаа бүрэн хангана. Харин намар мод суулгах ажлаа эхлүүлж дараагийн хүмүүс ажлын байраар хангагдах юм.

-Төсөл хөтөлбөрт нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ, санхүүжилтийн эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ?

-Уг төслийн хүрээнд орон нутгийн төсвөөс 80 сая төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь хайс, хамгаалалт, усалгааны систем болон 2 ширхэг гүний худаг гаргахад зарцуулагдах юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орон нутагт тохирсон хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа, төслийг яамнаас шалгаруулдаг. “Ногоон Алтай” төсөл хөтөлбөрт хамрагдаж буй 60 хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна. Тус цалингийн асуудлыг бид яаманд хүргэгдсэн төсөлдөө тусган шийдвэрлүүлэхээр уламжлаад байна.

- Баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Ш.Цоодол

 

Эх сурвалж:Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол